Мэдээ мэдээлэл

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын дээд бүтцийн 110 километрийг барьж дуусгав

Хуваалцах:
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нарын хамт Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ажлын явцтай танилцлаа. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал төслийн гүйцэтгэлийг танилцуулж, Засгийн газрын хэмжээнд шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа зарим асуудлын талаар уламжлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ стратегийн ач холбогдол бүхий уг төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгааг тэмдэглэлээ.      
Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 81.3%, дээд бүтцийн барилга угсралт 66.8% буюу гол замын үе угсрах ажил 233.6 км хийхээс 201.2 км-ийг, 172 байршилд хоолой, мал амьтны гарц барьж байгуулахаас одоогоор 79.19%-ийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хэмжээнд нийт 16 байршилд гүүрэн байгууламж барихаас гүйцэтгэл 76.9% буюу 8 жаазан гүүрийн ажил бүрэн дуусаж, дам нуруут гүүрийн ажил 54.1%-тай үргэлжилж байна. Дээд бүтэц 240 километрийг угсрахаас эхний 110 километрийг барьж дуусгалаа.   
Өртөө зөрлөгүүдийн удирдлагын байр, орон сууцны барилга байгууламжийн ажлыг эхлүүлж, Тавантолгой өртөөний удирдлагын байр 32.32%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм. Талбай дээр дохиолол холбоо эрчим хүчний ажлыг эхлүүлж, одоогоор үндсэн трассын шуудуу ухах болон төмөр замын доогуур сувагчлалын ажил хийгдэж байна. Уурхайн дэргэд баригдаж буй ачилтын тойрог буюу уурхайгаас зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх замын барилгын ажил нийт 90.5%-ийн гүйцэтгэлтэй байна.      
Хөдлөх бүрэлдэхүүний тухайд ОХУ-ын Тихвинский вагоностройтельный заводын 12-9853 загварын 810 ширхэг ачааны хагас вагон худалдан авахаас 100 ширхэг вагоныг хүлээж аваад байна. Эл вагон нь 92 м3 багтаамжтай, 75 тоннын даацтай бөгөөд ачааны нягтралыг 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой юм. Үлдсэн 710 ширхэг вагоныг 2022 оны 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл 3 үе шаттай хүлээн авна.      Төслийн барилга угсралтын туслан гүйцэтгэгчээр нийт 62 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бол төслийн үйл ажиллагааны хүрээнд Захиалагч болон Ерөнхий гүйцэтгэгчтэй хамтран 200 гаруй аж ахуйн нэгж, нэг ээлжинд хамгийн ихдээ 3000 инженер техникийн ажилтан, 1200 хүнд машин механизм, төмөр замыг 2022 оны 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


скачать dle 12.0