Онцлох мэдээ / Дэлхийд

Крымийн эрэг орчимд АНУ, Их Британи санаатай өдөөн хатгалга явуулсан гэв

Хуваалцах:

ЛОНДОН. /BBC/.
 Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин телевизийн шууд нэвтрүүлгээр иргэдийнхээ асуултад хариуллаа. Тэрбээр жил бүр ийм арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.Энэ үеэр тэрбээр Крымийн эрэг орчимд болсон Их Британийн Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцтой холбоотой үйл явдалд АНУ, Их Британийг санаатай өдөөн хатгалга явуулсан гэж буруутгажээ.
Зургаадугаар сарын 23-нд Их Британийн "Дефендер" хөлөг онгоц Крымийн хойгийн ойролцоо ирэхэд нь ОХУ-ын тал хил зөрчсөн гэж үзэж, анхааруулах гал нээж байв.
 
 
"Энэ бол илт өдөөн хатгалга" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн лхагва гарагт Фиолент хошууны ойролцоо Их Британийн Хатан хааны Тэнгисийн цэргийн флотын “Defender” хөлөг онгоц, нөгөө талаас Оросын Тэнгисийн цэргийн флот, Аюулгүй байдлын албаны хилийн цэргүүд оролцсон үйл явдлын талаар тавьсан асуултад хариулахдаа хэлжээ.
 
Путин энэ үйл явдлыг "Америкийн стратегийн тагнуулын нисэх онгоц" оролцсон АНУ, Их Британийн хамтарсан өдөөн хатгалга гэж мэдэгджээ. АНУ-ын нисэх онгоц НАТО-гийн баазуудын нэг байрладаг Крит арлаас хөөрсөн гэж Оросын удирдагч таамаглаж байгаа аж.
Үүний зэрэгцээ тэрбээр энэ үйл явдлын улмаас дэлхийн гуравдугаар дайн гарч болох эсэх талаар асуухад “Хөлөг онгоцыг живүүлсэн тохиолдолд ч дэлхийн гуравдугаар дайн эхлэхгүй. Учир нь тэд энэ дайнд ялахгүйгээ мэдэж байгаа” гэж хариулжээ.
 
 
 
Харин Лондон өдөөн хатгалгад буруутгасныг няцаасан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны албан ёсны төлөөлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбоотой асуултад хариулахдаа: "Хатан хааны Тэнгисийн цэргийн флотын энэ хөлөг онгоц олон улсын хууль тогтоомжийн дагуу Украины нутаг дэвсгэрийн усан замаар тайван замаар дамжин өнгөрсөн гэж би анхнаасаа хэлсэн" гэжээ.
 
 
 
ОХУ-ын Ерөнхийлөгийн шууд нэвтрүүлэг 3 цаг 42 минут үргэлжилсэн байна.  “Владимир Путинтэй шууд холбогдох шугам” нэвтрүүлэг Москвагийн цагаар 12.00 цагт эхэлсэн бөгөөд 2.2  сая орчим асуулт иржээ. Путин ердөө 68 асуултад хариулсан байна. Шууд нэвтрүүлгийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирус, нийгмийн салбар, экологи, интернэт, эдийн засаг, АНУ, Украин болон бусад улстай хийж буй харилцааны талаар зэрэг янз бүрийн сэдвүүдтэй холбоотой асуултад хариулав. 
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0