Онцлох мэдээ / Улс төр

“Сандалтан”-ууд сандарч өнжих сар

Хуваалцах:


Наймдугаар сар гарлаа. Ажил амралт хосолж байдаг сар. Улс төр бол амарч байдаг үе. Гэхдээ энэ жилийн наймдугаар сар улс төрийн хувьд хүлээлт дунд өнгөрөх бололтой. Учир нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс гарвалтай  огцролт, уналтын сураг чимээ хүлээгсэд ингэтэл хүлээх ажээ.Гэвч тийм том үйл явдлыг хүлээгээд нэмэргүй бололтой.
Харин Засгийн газрын АЭК /Авлигын эсрэг комисс/-ын үйл ажиллагааны хүрээнд улс төр, хууль шүүхийн байгууллагын албан тушаалтай хүмүүс нэлээд сандралтай  өнжих юм байна. Мөн төрийн бодлогын өөрчлөлтийн хүрээнд намар сэлгээгээр өөрчлөгдөх албан тушаалтнууд “дуншиж өвдөөд” энэ сарыг таагүй өнгөрөөх нь ээ.

АЭК-ын бодлогоор шүүх, прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан томоохон ажлын хэсэг авлигын хэргүүд дээр ажиллаж эхэлсэн. Зам-Үүд эхнийх нь болоод байгаа юм. Тэндээс ноцтой фактууд олон илэрч байгаа гэсэн мэдээлэл бий. Замын-Үүд дэх олсны үзүүрийг Төрийн ордонд атгаж суугаа нь улам бүр тодорхой болж байгаа юм байна. Тэгэхээр Төрийн ордныг сайн “утвал” зөвхөн Замын-Үүдийн асуудалтай холбоотой 2-3 гишүүн гарч ирнэ гэсэн үг.
Бас хууль хяналтын байгууллагаас Замын-Үүдтэй холбоотой ажилтай, албан тушаалтай нөхдүүдийн нэр сураг гарч эхэлсэн байна. Ажлын хэсэг ойрын үед хууль зөрчсөн мэргэжил нэгт нөхдүүддээ хуулийн арга хэмжээ авч эхлэх юм байна.
За, энэ сард нөгөөх өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэр бүхий гурван шүүгчийн хамт нэлээд ухаж шалгана гэсэн мэдээлэл бий. Б.Баасанцогтын гэх хэргийн холбогдогчид улам өргөжиж, шүүгч, прокурор, улстөрчид, төрийн албан тушаалтнуудаар нэмэгдэх юм байна.
 
Бас сайд асан Т.Бадамжунай, гишүүн асан О.Баасанхүү хоёр ам хамаагүй ноцтой зүйл ярьж, хажууд нь байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц бараг дуугараагүй бичлэг тойрсон хэрэг хуулийн дагуу шалгагдах бололтой.
 
Нийгмийн даатгалын хөрөнгийг банкиндаа хийгээд дампуурсан гишүүн асан Б.Ундармаа шүүхээс ял шийтгүүлсэн. Гэтэл үүнтэй яг адилхан, тодруулбал С. Эрдэнийн “...Улс төрд нөлөө бүхий, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаандаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэснийг зөрчиж хууль тогтоомжоор тодорхойлогдсон албан үүрэг, эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” хэргийг Ц.Насанбат Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байхдаа жил гаруйн өмнө хэрэгсэхгүй болгочихсон. Үүнийг хуулийнхан сэргээн шалгаж магадгүй юм байна.

Үүнээс гадна УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн хадам ээж Бэгзжавын Цэцгээ нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр дууссан, фермерийн аж ахуй, газар тариалан эрхлэх зөвшөөрөл бүхий “Жужу” /РД:285813/ ХХК-иар дамжуулан 2019 онд Нийслэлийн Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн Жаргалант, Сүмбэр сумдаас зарлагдсан тендерт оролцож “ялсан” асуудлыг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авчээ. С.Одонтуяагийн хадам ээжийн нэр дээрх энэхүү барилга, угсралтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй компани Сүхбаатар дүүргийн VI хороо 73/1-р байрны дээврийн засвар хийх 151,197,900 төгрөгийн төсөвт өртөгтэй 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр зарлагдсан тендерт, Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэгийн эдэлбэр газарт тохижилт хийх 100,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 2019 оны тавдугаар сарын 2-ны өдөр зарлагдсан тендерт, 248 дугаар цэцэглэгийн гэр бүлгийн ариутгах татуургын холболт хийх 11,330,900 төгрөгийн төсөвт өртөгтэй 2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр зарлагдсан тендерт, Төв аймгийн Жаргалант сумын сургуулийн спорт заалны дээвэр, дотор засвар хийх 101,737,668 төгрөгийн төсөвт өртөгтэй 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр зарлагдсан тендерт, Төв аймгийн Сүмбэр сумын сургуулийн дотуур байрны их засвар хийх 418,800,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр зарлагдсан тендер зэрэгт оролцож хууль бусаар шалгарчээ.
 
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог агаарын харилцааны хэлэлцээрийн энэ жилийнхээр Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд хувийн хэвшлийн авиа компаниуд  таагүй хандаж буй бөгөөд Сөүлд уржигдар болсон энэ хэлэлцээрт Монголын талаас ЗТХЯ-ны гурван хүн, ИНЕГ-аас гурван хүн, МИАТ-ийн хоёр хүн, хэвшлийн “Изинис Эйрвэйз” ХХК-иас Д.Оюундэлгэр, “Карго Эйрвэйз” ХХК-иас Ч.Хоролсүрэн нийт 10 хүн оролцжээ. ИНЕГ-аас эсэргүүцлийн мэдэгдэл гаргаад, Л.Бямбасүрэн даргынхаа холбогдсон асуудлыг дарж чадахгүй бололтой.
 
Жил гаруйхны өмнө авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улс төрд нөлөө бүхий хүмүүсийг “...10, эсвэл таван тэрбумын барьцаа өгөхгүй бол суллахгүй” гээд цагдан хорьж байсан шүүх энэ жил нөгөө хүмүүсээ толгой дараалан суллаж байна.
 
Нэр бүхий улстөрчийн холбогдсон хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа шүүхийн том албан тушаалтан авлига аваад баригдсан гэх мэдээлэл байна. Ер нь бол шат шатны шүүгч нартай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд АТГ-ын чихэнд хүрч, гарт нь баригдчихаад тэсрэхэд бэлэн болоод байгаа ажээ.
Саяхан сайд хийж явсан, одоогийн нэгэн УИХ-ын гишүүний нууц амраг салбарт нь үлдчихээд, тендерийг нь хамж суудаг хэргийг АЭК-ын ажлын хэсэг бариад авсан талаарх мэдээлэл гарч байна.
Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар ажлаа өгч, оронд нь очихоор хэд хэдэн хүний нэр “дэвшээд” байна. Ийм халаа, сэлгээний сураг зарим яам, хэд хэдэн агентлаг дээр дуулдаж буй юм. Тухайлбал, гаалийн байгууллагын удирдлагууд дээр гэхэд л хариуцлагын шинжтэй асуудал яригдаж мэдэхээр байна.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0