Онцлох мэдээ / Дэлхийд

"Талибан": Бүгдийг нь уучиллаа. Бидэнд дайсан хэрэггүй

Хуваалцах:


Афганистаныг эзэлснийхээ дараа талибууд Кабул хотноо анхны хэвлэлийн хурлаа хийжээ. Тэд хэвлэлийн хурлын үеэр тэдэнтэй дайтаж байсан хүн бүрийг уучилсан бөгөөд дайсантай байхыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. 
"Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид "20 жил дайтсаны эцэст бид улс орноо чөлөөлж, гадныхныг хөөн гаргалаа. Энэ мөчөөр ард түмэн маань бахархах байх. Афганистан дайны талбар болж үлдээсэй гэж хүсэхгүй байна. Бидний эсрэг дайтаж байсан бүхнийг уучиллаа. Дайсагнал дууссан. Бид гадаадад ч, дотоодод ч дайсантай байхыг хүсэхгүй байна" гэжээ. 
Түүнчлэн "Кабулд эмх замбараагүй байдал үүсэхийг хүсэхгүй байна. Төрийн эрхийг тайван замаар авахын тулд бид Кабул руу нэвтрэх төлөвлөгөөгүй байсан. Гэвч өмнөх засгийн газарт аюулгүй байдлаа хангах хэмжээний чадвар байгаагүй тул үүнийг хийхээс өөр аргагүй болсон. Оршин суугчдыг хамгаалахын тулд Кабулыг эзлэх шаардлага гарлаа" гэсэн байна.

Тэрээр "Олон улсад хэн ч хохирохгүй гэдгийг хэлмээр байна. Бид олон улсад асуудал үүсгэмээргүй байна. Гэхдээ бид шашныхаа зарчмын дагуу ажиллах эрхтэй. Бусад улс орнууд өөрсдийн гэсэн дүрэм журамтайн адилаар афганчууд мөн өөрсдийн үнэт зүйлстэй уялдсан хууль журамтай байх эрхтэй. Бид шариатын хуулийн дагуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болно. Тэд бидэнтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөнө. Олон улсад хандаж хэлэхэд ямар ч ялгаварлан гадуурхалт бий болохгүй" гэв. 
"Мөн хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүндэтгэж байна. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чөлөөтэй, хараат бус хэвээр үлдэх боломжтой. Гэвч исламын шашин манай улсад томоохон байр суурийг эзэлдэг учраас исламын үнэт зүйлсийг хүндэтгэх ёстой" хэмээгээд "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бидний ажлыг шүүмжлэх эрхтэй. Энэ нь бидэнд өөрсдийгөө засаж залруулах боломжийг олгох юм. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бидний эсрэг ажиллаж болохгүй" гэжээ.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0