Улс төр / Мэдээ мэдээлэл

Х.НЯМБААТАР: Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг үзсэн их сандарсан хүний л мэдэгдэл байна лээ

Хуваалцах:

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлаар мэдээлэл өглөө.
  Тэрбээр “Би өчигдөр АНУ-д байгаа иргэн Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг үзсэн их сандарсан хүний л мэдэгдэл байна лээ. Харийн нутагт, харийн компанийн пи-ар хийсэн, өөрийгөө өмөөрсөн хүний яриа гэж би харж байгаа. Манай Засгийн газрын газар, хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Зургаан сарын хугацаанд ойлголцсон зүйл ч бий. Ойлголцохгүй зүйл ч байгаа. 

Ч.Сайханбилэг найман жилийн өмнө их зөв зүйл эхлүүлсэн гэж ярьсан. Би үүнд эсрэг байр суурьтай байгаа. Дубайн гэрээ бол далд уурхайн бүтээн байгуулалт, үр өгөөжийг илт муудуулсан зүйл заалттай гэрээ. Тухайлбал, ил уурхайн төлөвлөгөө 1.4 их тэрбумаар зардал хэтрээд байхад арга хэмжээ аваагүй. Хоёрдугаарт, татвартай холбоотой өнөөдрийн маргааны эхлэлийг тавьсан. Мөн Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэсний нөөцөд АМНАТ авна бусад эрдэс баялагт татвар авахгүй гэсэн. Мөн санхүүжилтийн баталгаа гэдэг шинэ нэр томьёо оруулж, түүгээрээ дамжуулж төслийн санхүүжилт бүрээс 1.9 хувийг авдаг алдагдалтай зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Би иргэн Ч.Сайханбилэгт хандаж хэлэхэд харь газарт, харийн компанийг өмөөрч суухаар эх орондоо ирж, энэ гэрээг үр өгөөжтэй болгоход сэтгэлээ чилээгээсэй гэж бодож байна. 

Надад анхааруулга өгөөд байх шиг байна лээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаднын компанийн нөлөөнд орохгүй байх талаар анхаарч ажиллаж байна. Төслийн хүрээнд 53 дээш хувь нь манай талд байх хэрэгтэй гэдэг дээр бид хатуу байр суурьтай байгаа. Бидэнд эхний ээлжид урьд нь тавьж байгаагүй саналаа тавьсан. Бид ирээдүйд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэдгийг нөгөө тал ч хүлээн зөвшөөрсөн. Хэлэлцээр ирэх долоо хоногт үргэлжилнэ. Гаднын улсад байгаа иргэнийг эрэн сурвалжлахад хэд хэдэн шаардлага байдаг. Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжлах  ажлыг хийж байгаа.  АНУ-тай манайх ялтан шилжүүлэх гэрээ байгуулж байж, тухайн хэрэгтэнг шилжүүлж авах боломжтой  юм билээ.
 
Мөн Оюутолгойтой холбоотой асуудлыг ярихаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гудамжны жагсаал хийхэд ард байдаг. Үүнийгээ ч өөрөө илэрхийлдэг. Бид энэ гэрээг амжилттай болгоход яагаад харшил нь хөдлөөд байдаг юм бол. Нэг нь гаднаас мэдэгдэл хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүний хувиар асуудалд хандаасай” гэлээ.

https://ergelt.mn/news/1/single/15007
скачать dle 12.0