Эдийн засаг:
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас 70, 80 хувийн хамааралтай. Гэтэл хэтэрхий өөдрөгөөр төсөөлж баталсан төсвийн орлогоо бүрдүүлж чадах эсэх нь өнөөгийн түвшинд маш бүрхэг болчихлоо. Таныг үйлдвэрлэлийг бий болгох, дэмжих чиглэлд хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсан гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр байна уу ялгаагүй ер нь л үйлдвэржилтийг дэмжих хэрэгтэй байгаа юм. Төрөөс аж үйлдвэрийг дэмжинэ гэж байгаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас баталсан хууль тогтоомжуудад ч үйлдвэржилтийг дэмжих чиглэлийн зохицуулалт орсон байдаг. Хүнд, хөнгөн үйлдвэрийг дэмжих ёстой гэсэн бодлого байгаа ч бодит байдал дээр боловсруулах үйлдвэрийн чиглэлд ахиц дэвшил гарахгүй байна. Өнөөдөр ДНБ-ий 10.7 хувийг боловсруулах салбар эзэлж байна. Боловсруулах салбарын ДНБ-д эзэлж байгаа хувь хэмжээгээр бусад орнуудтай харьцуулахаар манай улс сүүл мушгиж байна. Цаашид улс орны хөгжин дэвшихийн үндэс суурь нь үйлдвэрлэлийг дэмжих. Ядаж л өөрсдийнхөө хэрэглэж байгааг голлох нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох нь нэн тэргүүний асуудал. Цаашлаад хүнд үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох, дэмжих шаардлагатай байна. Манай улс уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай.Гэхдээ уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхээс гадна, энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч орон болохын тулд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй.
Зэсээрээ цахилгаан утаснууд, металлын бэлдцийг бэлтгэх гээд дотооддоо боловсруулж гадаадад гаргах боломж бидэнд байна. Тиймээс бид нүүрс, зэс, төмөр, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгтэй байна. Төр засгаас үйлдвэржилтийн талаар 5-10 жилийнхээ бодлогыг зөв гаргаж, ААН-үүдээ дэмжсэн бодлого гаргавал үйлдвэрлэлийг бодитоор бий болгох боломжтой гэж харж байна. Харин Монгол Улсад үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, үйлдвэржилтийн бодлогыг боловсронгуй болгох үүднээс хууль эрх зүйн болоод бизнес хөрөнгө оруулалтын орчноо боловсронгуй болгох нь хамгийн чухал бодлого байх болно.
Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа гэж сонссон. Хуулийн төсөлд үйлдвэрлэл, үйлдвэржилтийн салбарыг дэмжих чиглэлийн гол зохицуулалт харагдаагүй. Үйлдвэрийг хөгжүүлье, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжсэн бодлогыг гаргаж үйлдвэржилтийг дэмжье гэвэл бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох хэрэгтэй болчихоод байна.
-Бодлогоор яаж дэмжвэл зохилтой гэж та харж байна вэ?
-Хүнд үйлдвэрийн зүгээс дэмжих тухай хууль энэ сард чуулганаар хэлэлцэгдэнэ. Тэр үед дараах саналуудыг оруулъя гэж зорьж байгаа. Тиймээс Ажлын хэсэгт орж хуулийн төслийг нь сайжруулах талаар ажиллах бодолтой байна.
Үйлдвэрлэгчид “Монгол Улсад сүүлийн хэдэн жил үйлдвэрлэл огт хөгжсөнгүй. Байхгүй зүйлийг бий болгох гэж байна. Тиймээс төр энэ асуудалд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Бусад улс орнууд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хөнгөлөлттэй зээл олгох, татвараас чөлөөлөх, хүүгүй зээл, санхүүжилт дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг санхүүгийн олон арга механизмыг авч хэрэгжүүлдэг.Бид бусдын адил тийм дэмжлэг туслалцаа үзүүлж чадахгүй учраас хууль тогтоомж бодлогоо боловсронгуй болгох, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай. Тэр дундаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах үүднээс татварын бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа юм.
Бид байхгүй зүйлийг бий болгох, үйлдвэржилтийг дэмжих, цаашлаад татварын бааз суурийг ирэх 5-10 жилийн дараа нэмэгдүүлэх үүднээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлдвэржилттэй холбогдуулан гаргах шаардлагатай гэж харж байгаа. Үйлдвэрийг шинээр бий болгох, барьж бүтээн байгуулахад ихээхэн хэмжээний өртөг зардал шингэнэ. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдах, эрсдэл өндөртэй бизнес. Энэ ч үүднээсээ бид энэхүү үйлдвэрлэлийг барилга бүтээн байгуулалтын үе шатанд онцгойлон дэмжих, бүхий л эрсдэлээ үүрээд явж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих ёстой.
-Уг нь дэмждэг шүү дээ. Тэр нь таны хэлснээр тунхагийн чанартай болчихоод хөрсөн дээрээ буухгүй байна уу?
-Тийм. Хөрөнгө оруулалтын тухай хуульд үүнийг хийж өгсөн. Тус хуулийн 11.2-т барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих гэж байгаа бол импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно гээд оруулсан. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын хуульд ингэж оруулсан ч энэ нь бодит байдал биеллээ олохгүй, хэрэгжилтгүй байгаа. Тиймээс Гааль болон НӨАТ-ын тухай хуульд энэ зохицуулалтыг нарийвчлан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үйлдвэрлэлийн дэмжих заалтыг амилуулах хэрэгтэй байна. Үйлдвэрийг дэмжихэд бодлогын дэмжлэг чухал.
-Тэгээд яах ёстой вэ гэхээс өөр асуулт олдохгүй юм даа?
-Үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг импортлоход гааль, НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлж байж шинээр баригдах үйлдвэрүүд үүд хаалгаа нээх боломжтой болно. Үүнээс гадна төрөөс дэмжлэг үзүүлэх боломжтой ААН байгууллагуудад томоохон дэмжлэг болох зүйл бол үйлдвэрлэлийг дэмжих үүднээс тодорхой хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх боломжтой гэж харж байгаа. Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна гадагшаа гаргах экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуй нэгжүүдийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнээс хамаарч Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас шат дараатайгаар хөнгөлж болохоор байгаа юм.
Гадаадад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож бүрэн боловсруулсан бол магадгүй эхний таван жилийн хугацаанд 50 хувиар хөнгөлөх гэдэг юмуу, хагас боловсруулсан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд 25 хувиар хөнгөлнө гэдэг байдлаар зохицуулж болохоор байгаа юм. Үйлдвэрлэл эхлэх 3-5 жил гэдэг бол оруулсан хөрөнгө оруулалт, зардлаа нөхөх, зээлийн эргэн төлөлтөө хийх зэрэг аж ахуйн нэгжүүдэд хамгийн их хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ хугацаанд нь төрөөс онцгой анхаарч үйл ажиллагаа нь жигдрэх хүртэлх хугацаанд татварын дарамтаас чөлөөлөх нь зүйтэй. Ингэж байж бид үйлдвэр барих аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ.
Төрөөс дэмжлэг үзүүлэх боломжтой зүйл бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлт. Хамгийн том татвар болсон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ-ыг хөнгөлье гэсэн бодол байна. Ингэж байж л бид үйлдвэрлэлээ дэмжинэ.
-Энэ тэгээд бодит ажил болтлоо мөн ч их хугацаа туулна байх даа?
-Хурдлахын төлөө л ажиллаж байна. Магадгүй таван жилийн дараа улс орны санхүү, эдийн засгийн боломж бүрдвэл экспортын бараа бүтээгдэхүүнийг дэмжих тусгай сан байгуулах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл, экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж буй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан дэмжих, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Экспортын баталгааны сан”-г байгуулж ажиллуулах шаардлагатай байна. Үүнээс гадна үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд болон төсөлд төрөөс үйлдвэрлэлийн зориулалттай зээлийг бий болгох, дотоодын зээлийн хүүг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах, ханшийн эрсдэлээс хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх нь ААН-үүдэд хамгийн хүлээлттэй, чухал асуудлын нэг болж байна.
-Үүнээс гадна бидэнд мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна шүү дээ?
-Нарийн мэргэжлийн боловсон хүчний асуудал хүнд болчихоод байгаа юм. Нарийн мэргэжлийн боловсон хүчнийг ШУТИС, МСҮТ-үүд бэлтгэж байна. Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог нь сайжруулах, сурагчдынх нь тоог нэмэгдүүлэх ч гэдэг юмуу, эсвэл гадаад улс орнуудад зөвхөн инженер бэлтгэх чиглэлээр Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлах ч гэдэг юмуу тусгайлсан боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр хэрэгтэй. Өнөөдөр энэ чиглэлээр тусгайлсан бодлого, хөтөлбөргүй байна. Боловсролын яамтай хамтарч хөтөлбөр боловсруулъя гэсэн саналтай байгаа.
-Одоо танаас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан талаар тань тодруулмаар байна. Хоёрхон жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт орсон энэ хуульд дахин нэмэлт оруулах хэрэгцээ шаардлага байсан юм уу?
-Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг төрийн улс төрийн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч гэж дөрөв ангилсан. Ингэхдээ улс төрийн албан хаагчдаас бусдад нь хуульд заасан олон өндөр шалгуур тавьдаг. Шатлан дэвших буюу мерит зарчим мэдлэг боловсрол, ур чадвар, туршлагыг харгалзаж байж томилж чөлөөлдөг. Гэтэл хуулийн үндсэн зорилт, агуулга төрийн албан хаагчдад ялгавартайгаар үйлчилж болохгүй. Төрийн албаны 206 мянган албан хаагчдын 200 мянгад нь энэ зарчим үйлчилж, бусдад нь үйлчлэхгүй байна.
Төрийн албанд одоогийн байдлаар 3600 гаруй улс төрийн албан тушаалтнууд байна. Эдгээр албан тушаалтнууд төрийн албаны ангилал зэрэглэлд багтаж татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, нийтийн ашиг сонирхолд үйлчилж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн суурь зарчим тэдэнд үйлчлэх л ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч байгаа бол төрийн албаны хууль ялгаварлахгүй үйлчлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчид, улс төрийн албан тушаалтнууд өөрсдөдөө нийцүүлж нэг ч шалгуур тавихгүй байхаар хуульчилж ирсэн. Гэтэл төрийн бусад албан тушаалтнуудад адаглаад Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх гэсэн ерөнхий шалгуур ч тавьдаг. Бүр нарийвчилбал мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, эрүүл мэнд, хариуцлага, сэтгэцийн өвчин эмгэггүй байх гээд маш олон шалгуур байдаг. Гэвч салбар салбарын манлайлагчид болсон шийдвэр гаргах түвшний албан хаагчдад ямар ч шалгуур алга. Улс төрийн 3600 албан тушаалтныг задлаад үзвэл аймаг, нийслэлийн Засаг дарга нар, яамдын сайдууд, дэд сайдууд, улс төрийн албан тушаалтнуудад үйлчилдэг зөвлөх, туслах, ажлын албаныхан нь гээд бүгд ордог.
Тиймээс мэдлэг боловсролтой, чадвар чансаатай, мэргэшсэн, туршлагатай хүмүүсийг томилж, сонгоё гэж байгаа юм. Нэг яам дунджаар 50-150 албан хаагчтай байдаг. Тухайн яамны сайд, түүний туслах зөвлөхөөс бусад нь мерит зарчмаар явдаг. Яамны газрын дарга гэхэд 18 жил төрд шатлан дэвших зарчмаар явж байж тэр тушаалд очдог. Албаны дарга, хэлтсийн дарга гээд 18 жил шатлан дэвшиж явдаг. Төрийн нарийн бичиг буюу одоогийн байдлаар төрийн захиргааны дээд албан тушаалд очиход удирдах албан тушаалдаа доод тал нь дөрвөн жил ажилласан байх ёстой гэдэг. Ингэж байж тэр албан тушаалд очиж байгаа юм. Гэтэл тэр хүмүүсийн дээр дээд боловсролгүй, мэргэжлийн бус хүн сайд болж байна. Ямар ч ёс зүйн шаардлага хангахгүй хүмүүс сайд болж байна шүү дээ. Ийм байхад тухайн салбар, яаманд ажиллаж байгаа хүмүүс ямар итгэл үнэмшил авах юм бэ. Төрийн албан хаагчдыг манлайлж тэдний өмнөөс шийдвэр гаргаж гарын үсэг зурж байгаа тэр хүмүүс ёс зүйтэй байх ёстой. Шалгуур шаардлагад нийцсэн байх ёстой. Өөрсдөөс нь нэг түвшин өндөр байх ёстой. Гэтэл өөрсдөөс нь дор хүмүүс томилогдож очоод байвал төрийн албаны суурь зарчим байхгүй болчихож байгаа юм. Мөн төрийн албаныхны төрд итгэх итгэл байхгүй болчихоод байгаа юм. Төрийн албаныхны төрд итгэх итгэл, ард түмний төрд итгэх итгэл байхгүй болж байна. Төр хүчтэй байх, төрийн өндөр дээд албан тушаалтнууд чадварлаг байх асуудлыг л тавиад байгаа юм. Ижил тэгш өрсөлдөөнийг бий болгоё л гэсэн бодлоор хандсан. Ингэж байж цаашид төрийн алба цаашид зөв, Монголын төр эрүүл болох байх. Зүй тогтолцоо нь бүрдэж, улс төрийн дарамт шахалтаас ангид, Мэргэжлийн хүмүүс зөв шийдвэр гаргадаг болох байх. Ядаж л салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, ур чадварын хувьд шаардлага хангасан хүмүүс тухайн салбарыг удирддаг байгаасай гэсэн бодлого байна.
-Гаж зуршил, бусдын нөлөөнд автдаггүй гэсэн заалт оруулж байгаа нь буруу хэмээн улстөрчид шүүмжилж байсан?
-Өмнө нь ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй байх. Элдэв гаж буруу зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх гэж байгаа юм. Гэтэл ёс зүй гэдгээ тайлбарлаж чадахгүй байгаа юм шиг, зарим нь бүр хуульд байхгүй хэллэг, тунхагийн заалт оруулж ирсэн мэтээр зарим гишүүд тайлбарласан. “Элдэв буруу гаж зуршилгүй гэдгээ юу гэж үзэх гээд байгаа юм бэ. Хамрын тамхи татдаг хүнийг гаж зуршилтай гэж үзэх гээд байна” гэж яриад байгаа юм. Тийм биш ээ. Учир нь ёс зүйн зөрчил, гаж зуршилтай холбоотой зөрчлийн талаарх тайлбарууд их байгаа, журмаар зохицуулагдаж байгаа. Төрийн албаны тухай хуульд ёс зүйн шаардлага тогтоох зүйл шинэ зүйл биш. Төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөхдөө Төрийн албаны тухай хуульд 36.1-т төрийн жинхэнэ албан хаагч би Монгол Улсын хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж тангараглая гэж байгаа юм. Ёс зүйн хэм хэмжээ гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн хамгийн том суурь зарчим. Ёс зүйн хэм хэмжээг яаж бид мөрддөг вэ гэхээр жишээ нь, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Мөн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж байгаа юм. Энэ мэт журмаар зохицуулагддаг дүрэм салбар салбарт байдаг. Шүүгчийн, Цагдаагийн, прокурорын ёс зүйн дүрэм гэж байгаа шүү дээ. Энэ бол шинэ зүйл биш бүх салбарт байдаг зүйл. Хамрын тамхи татсан хүнийг гаж зуршилтай гэж нугалаа нугачаа гаргах гээд байна гэдэг бол худлаа. Одоо мөрдөгдөж байгаа үеийн шалгуур гэж байна.
-Зан төлөвийн доголдол гэж юуг хэлэх юм бэ?
-Төрийн албан тушаалаас сахилгын зөрчил шийтгэлээр халагдаж байгаагүй гэж байгаа юм. Сахилгын зөрчил шийтгэлээр гэдэг нь архи уусан, ажлаасаа хоцорсон, гэмт хэрэг хийсэн, тодорхой зөрчил гаргасан, захиргааны шийтгэл үүрсэн ч гэдэг юмуу энэ асуудлуудыг хэлж байгаа юм. Тэгэхээр төрийн албанд ажиллаж байхдаа албан тушаалаасаа ямар нэгэн зөрчил гаргаж шийтгэгдэж, халагдаж байгаагүй, огцорч байгаагүй хүнийг зан төлөвийн доголдолгүй гэж үздэг.
-Дарга үзэмжийн асуудал болчихгүй юу?
-Биш. Энэ бол мөрдөгдөж байгаа ёс зүйн хэм хэмжээний дүрмийн хүрээнд салбар салбартаа мөрдөгдөж байгаа асуудлууд. Салбар салбарын өөрийнх нь мөрдөгдөж байгаа дүрмүүд салбараасаа хамаараад өөр. Үүнээс гадна нийтлэг зүйл нь ямар нэгэн байдлаар ажлаасаа халагдаж байгаагүй гэдэг асуудал. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл авч байгаагүй гэж байгаа. Гаж зуршил гэдэг нь нийтээр хүлээн зөвшөөрөхгүй, байж болохгүй гаж зуршлыг хэлдэг. Энэ бол нэг талдаа нуугдмал хэлбэртэй байдаг асуудлуудын нэг л дээ. Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа Засгийн газрын батлагдсан журмуудад гаж зуршил гэж юуг хэлэх юм бэ гэхээр архидан согтуурах донтой, эсвэл мансууруулах эм, бодис хэрэглэдэг эсэх гэдэг асуудал гарч ирдэг. Тиймээс ерөөсөө үүнийг л хэлж байгаа юм. Гаж зуршил гэхээр нийтлэг бусад төрийн албанд мөрдөгдөж байгаа журмын хүрээнд архидан согтуурах дон, удаа дараа архи уудаг, архи уугаад ажилдаа ирдэггүй, эсвэл ажилдаа согтуу ирдэг эсвэл мансууруулах эм, бодис, хар тамхи хэрэглэдэг гэдэг бол том ёс зүйн зөрчил.
Хамрын тамхи татах чинь зөрчил, гаж зуршил биш шүү дээ. Монголын ардын уламжлалт заншил болсон зүйл. Нийтээрээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өнөөдрийн мөрдөгдөж байгаа журмын хүрээнд хоёрхон асуудал орохоор байгаа юм. Бусад асуудал хамаарахгүй.
Архины үйлдвэр нэмэгдэхгүй байгаа хэрнээ хэрэглээ нь жилээс жилд нэмэгдээд байна. Мөн хар тамхитай тэмцэх асуудал маш сул байна. Залуучууд их хэрэглэж байна. Тэгэх нь битгий хэл ЕБС-ийн хүүхдүүд хэрэглэдэг болсон байна. Хууль хүчний байгууллагууд хүртэл дамлан наймаалах, борлуулахад өөрсдөө хамаатай гэдэг зүйл гарч ирж байна. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай учраас төрийн албан тушаалтнууд дээр ийм шаардлага тавихгүй бол болохгүй байгаа юм. Нэг талдаа мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж байгаа хэлбэр ч алсуураа тухайн төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, ур чадвартай холбоотой асуудал.
Р.Хишигжаргал
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49