Эдийн засаг:
“Эрдэнэт”-ийг анх 1973 онд хойд хөрштэй 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулж байв. Ингээд 1978 оны өвлөөс ажиллаж эхэлсэн. 1991 онд манайх 51, Орос 49 хувийг эзэмших болсон. Явсаар 2016 онд манай бизнемэнүүд Оросын 49 хувийг худалдаж авсан. Ингэж “Эрдэнэт” 100 хувь Монголд ирсэн байдаг.
Харин “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан мөнгө нь асуудалтай гэсэн шалтгаанаар тэр хувь 2019 онд төрд шилжсэн. Одоо төрийн 100 хувийн өмч болчихоод ТӨҮГ статустай үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Яг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшх 44 жилийн хугацаанд энэ үйлдвэр монголчуудыг “сүү”-гээр тасалж байсангүй. Ямар сайндаа саалийн үнээ хэмээн нэрлэхэв дээ.
Одоо “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн ажиллаж байна. Х.Бадамсүрэнг УУХҮ-ийн дэд сайдаар томилогдоод дөрөвхөн сар болж байхад нь 2016 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэт”-мийн захирлаар томилж байлаа. Тэр үед үйлдвэрийн 49 хувийг Оросоос худалдаж авчирсан “Монголиан коппер корпорейшн”-ийн мэдэлд байв. Ингээд засаг, компани хоёр тохиролцоод “Эрдэнэт”-ийн захирлаар Х.Бадамсүрэнг томилсон байдаг.
Ингэж хоёр жил гаруй ажилласны дараа, 2019 оны нэгдүгээр сарын сүүлчээр “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарах гэж байна гэж шуугисан. Тухайн үед сул гишүүн байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баахан цаас барьчихсан, энэ мэдээллийг ярьж гарч ирж байв. Тэгээд тэр “гүйлгээ” зогссон гэдэг.
Мөн тэрбээр ЗГХЭГ-ын дарга болонгуутаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг “дээрэмдэх” үйл ажиллагаа явуулсан. Тодорхой хэлбэл, 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэт” рүү буунаас бусдыг агсаж очоод хамаг дарга нарынх нь өрөөг лацдаж байв. Тэр үед голдуу 49 хувийнхны талаас томилогдсон захирлууд энэ “халдлага”-д өртсөн байдаг. Өрөөг нь лацдаад өөрсдийг нь ажлаас чөлөөлсөн. Үндсэндээ хөөгөөд явуулчихсан л даа. Бас тэр үеэр нь ЭЦА-ныхан 49 хувийг худалдаж аваад байсан “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нарыг улс орноор нэг дуулиан шуугиан тарьж маш сүртэй баривчилж байв. Тэр хавраас намар хүртэл шуугиад тэдний асуудал намдсан байдаг юм.
Энэ хооронд засгийн тогтоолоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авч, статусыг нь ТӨҮГ болгож өөрчилсөн.
Эдгээрийг дурдахын учир юу гэвэл, “Эрдэнэт”-ийг ийм хоёр эзэнтэй, ХХК байхад нь томилогдож очсон Х.Бадамсүрэн ТӨҮГ болоход улирч үлдсэн. Таван жил гаруй ажиллаж байна. Харин сүүлийн гурван жилд, “Эрдэнэт” төрд 100 хувь шилжсэнээс хойш Х.Бадамсүрэнгийн үйл ажиллагаа шүүмжлэлээс салахаа больсон. Эхэндээ, хоёр жилийн өмнөөс хэт тансаглал, ТӨҮГ-ын хөрөнгөөр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн баримтууд шил дараалан хөвөрсөн. Хүүхдийнхээ сургалтын төлбөр 102 сая төгрөгийг “Эрдэнэт”-ээс төлүүлж, алтан ширээ, массажны сандал худалдаж авсан гээд жирийн ардын дургүй хүрмээр олон худалдан авалт хийсэн дээ.
Ер нь захирал Х.Бадамсүрэнгээс гадна бусад олон захирал нь “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр тансаглах гэдгийг үзүүлж өгдөг нь нууц биш. Үүнийг төр нь ч мэднэ, ард түмэн нь ч гадарлана. Цалин нь аманд багтахгүй өндөр дүнтэй. Унадаг машин, түүндээ тавьдаг дугуй нь хүртэл маш өндөр үнэтэй.
2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Х.Бадамсүрэн томоохон сануулга авч байв.
Тэр хуралдаан дээр одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “...“Эрдэнэт”-ийн удирдлагуудын алдаа бий. Ажиллах бүх боломжийг чинь олгосон. Гэтэл юун машин бэ, юун архи дарс вэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг наадах чинь бүхэлдээ наад эдийн засгийн том үзүүлэлт, амжилтуудыг чинь олон нийтийн дунд үгүй хийх маш хариуцлагагүй үйлдэл болсон шүү. Би үүнийг бас хатуу сануулахыг хүсэж байна. Та нар хангалттай цалинтай. Яг энэ онцгой дэглэмийн үед маргаантай асуудал өрнөж байхад дахиж ийм алдаа гаргавал өчиггүй хална шүү. Хатуу ярих нь зүйтэй. Ийм том шийдвэрийг албан тушаалтнуудын арчаагүй шуналаас болж буруу ойлгуулмааргүй байна” гэсэн.
Харин тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Бадамсүрэн дарга хаана байна. Би хэлдэг, тийм ээ. Улсын өмч хөрөнгөөс хулгай хийж болохгүй. ...Энэ улсаас хулгай хийдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Би албан ёсоор хэллээ шүү. Манай үйлдвэрээс гарсан мөнгөний цаадхыг, хаашаа явсныг би мэдэхгүй гэсэн хариулт бол болохгүй. Та үйлдвэрээс гарсан мөнгийг хаана, яаж зарцуулж байгааг өөрөө мэдэж байх ёстой. Би биш та мэдэж байх ёстой. ...Эмээл хазаарынхаа бүтэн дээр юмнуудаа янзалж аваарай гэж албан ёсоор хэллээ шүү. Дахиад хэлье. Шоронд орцгоов оо. Аюултай шүү. Ажил хийж байгаад шоронд орчихсон хүмүүс зөндөө байгаа. Бадамсүрэн гуай, дахиад та нар янз бүрийн асуудал гаргаад байхгүй шүү. Ажлаа өгөөрэй. Доод талынх нь албан тушаалтнууд ч гэсэн асуудал гаргавал ажлаа өгцгөөгөөрэй” гэж байлаа.
Ингээд хэлчихсэн. Тэгвэл үүнээс хойш “Эрдэнэт”-д байдал засарсан уу. Х.Бадамсүрэн ядаж цалингаа буулгаж, тансаглалаа зогсоосон уу.
Үгүй л болов уу даа. Харин ч Х.Бадамсүрэн, бас түүнийг дагаж очсон орлогч захирал Д.Үүрийнтуяа гэдэг хүмүүс өөрсдийгөө “Эрдэнэт”-ийн эзэд гээд итгэчихсэн байна. “Эрдэнэт” үйлдвэр уг нь ТӨҮГ. Нэг үгээр хэлбэл, ард түмний өмч байгаа юм. Гэтэл хэвлэлийнхэнд хүртэл маш хаалттай. Үнэнийг нь мэдээлэх гэвэл үхтлээ дургүйцдэг.
Тендер нь байнга хэл ам татална. Сангийн яаманд 2021 оны арванхоёрдугаар сард ирсэн тендерийн 26 гомдлын ес нь “Эрдэнэт”-тэй холбоотой байна.
Ер нь тэгээд, Х.Бадамсүрэн тэр хүдрийг ухаж гаргаад, баяжуулдаг юм биш. “Эрдэнэт”-ийн уурхайчид тэр ажлыг хийдэг. Олборлосон хүдэр, баяжмалыг Х.Бадамсүрэн худалдаж аваад “Эрдэнэт”-д мөнгө төгрөг оруулаад байгаа юм биш. Бирж дээрх үнэ, гадаад зах зээлийн ханшаараа бүх борлуулалт хийгддэг. Тэгсэн атлаа ковидын үед цахилгааны дулааны хөнгөлөлтөд “Эрдэнэт”-ээс оруулж байгаа мөнгийг өөрөөсөө өгч байгаа мэт магтуулж, гайхуулаад л... Эв нь таарвал, “Эрдэнэт”-ээр дулдуйдаж байгаад “Баатар” авчих санаатай байх шиг байгаа юм.
Сая яав, он солигдохын өмнөхөн сошиалаар дүүрэн “Х.Бадамсүрэн: Бүх ажилтандаа хувь хүртээж, урамшуулна” гэчихсэн зурагт хуудас тараав. “...Богдын боорцог” гэдэг шиг, мань хүн хувиасаа өгөх гэж байгаа адил жигтэйхэн том байлаа. Шуудхан хэлэхэд, Х.Бадамсүрэн “Эрдэнэт”-ийн 2500 ажилагсдын гавьяаг ингэж ганцаараа өвөртлөх эрхгүй л дээ.
Ер нь сүүлийн үед “Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгээс аваад Х.Бадамсүрэнд өгчихсөн юм уу гэж ойлгогдохоор болоод байна.
“...Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх” гэж манай ардын цэцэлсэн үг байдаг. Яг л түүн шиг... “Эрдэнэт”-д болоод байгаа явдлуудыг ил гаргаад шүүвэл их юм болно доо.
Агуулгаараа, энэ бол ганц “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэнд бус төрийн өмчийн бүх аж ахуйн нэгжийн захиралд хамаатай юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 16 (6748)
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49