Дэлхийд

Хилийн нөхцөл байдлыг хэлэлцэх саналыг Украин гаргалаа

Хуваалцах:



Орос болон Украины хооронд үүсээд байгаа асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украинийн  Ерөнхийлөгч Владимир Зеленский  нар ням гарагт нэг цагийн хугацаанд ярилцжээ. Энэ үеэр Зеленский  Украинд санхүүгийн болон цэрэг хүч, зэвсгийн тусламж үзүүлэхийг Байденгаас гуйж, Украинд удахгүй ирэхийг урьжээ. “Ойрын өдрүүдэд та Киевт айлчлан ирвэл нөхцөл байдлыг тогтворжуулж, сөргөлдөөнийг намжаахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Америк хэрэв эдийн засгийн тусламж үзүүлвэл барууны орнууд  Украины талд зогсдог гэдгийг Путинд харуулна” гэж Зеленский ярьсан талаар Украины албаны хүн “CNN”-д ярив.

 

Харин Байден энэ урилгыг таатай хүлээж аваагүй аж. Гэхдээ Жо Байден “Хэрэв Орос Украин руу довтолвол Америк холбоотон орнуудынхаа хамтаар хурдан шуурхай, шийдэмгий хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.  Мөн эдийн засгийн тусламж үзүүлэхээр судалж байгаа талаар Цагаан ордон мэдээлэв.

 

Америкийн зүгээс Орос энэ долоо хоногт Украйн руу довтолно гэсэн анхааруулгыг улс орнуудад өгөөд байгаа юм. Тиймээс “Хоёр орны удирдагчид Украины хил дээрх Оросын цэрэг армийн довтолгооноос урьдчилан сэргийлэх  ажиллагаа болон дипломат  арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь  зөв гэдгийг хүлээн зөвшөөрлөө” гэж Цагаан ордон мэдээлжээ. Тэд үүнээс өмнө нэгдүгээр сард утсаар ярилцсан билээ.  Үүнээс гадна Германы канцлер Олаф Шольц өчигдөр Киев хотод айлчилж, ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан бол өнөөдөр Москваг зорьж ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.

 

Хил дээрх нөхцөл байдлын талаар 48 цагийн дотор ОХУ-тай уулзаж, хэлэлцэх саналыг Украин улсын Засгийн газар  гаргажээ. Энэ уулзалтад Европын аюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчид оролцох юм байна. Хоёр улсын хил дээрх цэргийн ажиллагааныхаа талаар тайлбар өгөх Украин улсын хүсэлтийг Оросын тал зөвшөөрөөгүй тул ийм санал гаргаж байгааг Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба мэдэгджээ. Тэрбээр ОХУ нь Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (OSCE) гишүүн орнуудын Венад байгуулсан гэрээний дагуу явуулж буй цэргийн ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Орос үгүйсгэсээр байгаа ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Бээжингийн олимп дуусахаас өмнө буюу хоёрдугаар сарын 20-ноос өмнө Орос, Украин руу довтолно гэж үзэж байгаагаа дахин илэрхийллээ. Мөн  “Bloomberg” суваг лхагва гарагт “дайн эхлэх магадлал өндөр” гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

скачать dle 12.0