Дэлхийд

ОХУ Луганск, Донецкийг БНУ хэмээн хүлээн зөвшөөрлөө

Хуваалцах:


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Донецк, Луганск мужуудыг Бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зуржээ. Үүнээс өмнө Оросын ард иргэдэд хандаж, хэлсэн үгэндээ тэрбээр "Донецкийн Бүгд найрамдах улс, Луганскийн Бүгд найрамдах улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг яаралтай хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна” гэж мэдэгджээ. 

Кремлийн тэргүүн ОХУ-ын Холбооны хуралд хандан энэхүү шийдвэрийг нь дэмжиж, тус хоёр улстай байгуулах найрамдал, харилцан туслалцааны тухай гэрээг соёрхон батлахыг хүслээ. Путин Оросын ард түмэн, эх оронч бүх хүчин дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Батлан хамгаалах яаманд Оросын Зэвсэгт хүчний тусламжтай ДБНУ, ЛБНУ-д энхийг сахиулах, Гадаад хэргийн яаманд тус хоёр улстай дипломат харилцаа тогтоох тухай яриа хэлэлцээ хийхийг үүрэг болгосон байна.

Үүний дараа В.Путин ДБНУ, ЛБНУ-ын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нартай уулзаж, найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай гэрээнд гарын үсэг зурав.

Үүнээс өмнө ДБНУ, ЛБНУ-ын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар Владимир Путинд хандан, ДБНУ, ЛБНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүсэлт тавьсан билээ. Энэхүү хүсэлтийг ОХУ-ын Аюулгүйн зөвлөл дэмжсэн байна.

Кремлийн тэргүүн ард иргэддээ хандаж, хэлсэн үгэндээ 2014 оны тавдугаар сарын 2-нд болсон эмгэнэлт явдалд буруутай этгээдүүдийг олж, шүүхэд өгөхийн тулд бүхнийг хийнэ гэж мэдэгдэв. Путин "Украины төрийн эрхийг булаан авсан хэт даврагч үзэлтнүүд үндсэн хуулийн эсрэг үйлдлийг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг алан хядах ажиллагаа явуулсан. Улстөрч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтнүүдийг олон нийтийн өмнө гутаан, доромжилж байсан. Украины хотуудыг хүчирхийллийн давлагаа нөмөрч, шийтгэлгүй харгис аллага цуварсан” гэж онцолжээ. Одесст тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан жагсагчдыг зэрлэгээр хөнөөж, Үйлдвэрчний эвлэлүүдийн ордонд амьдаар нь шатаасан аймшигт хэргийг дурсахад сэтгэл сэрдхийхгүй байхын аргагүй. Аймшигт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд шийтгэлгүй үлдсэн. Тэднийг хэн ч эрэн хайдаггүй. Гэвч бид тэднийг толгой дараалан мэднэ, тэднийг олж, шүүхэд өгөхийн тулд бүхнийг хийнэ гэж Путин мэдэгджээ.

 

 

скачать dle 12.0