Эдийн засаг:
01. «Дэлхийн түүх Монголоос эхлэлтэй.» хэмээн Германы сонгодог философийн нэрт төлөөлөгч Гегель айлдсан байдаг. Ер нь Гегель Монголчуудын хүчирхэгжин мандаж ирсэний дотоод учир шалтгаан, монгол ухаан гэж юу болох талаар маш идэвхийлэн судласаар иржээ. Хожим түүний сайн шавь Марк Штейнер «Оюун ухааны эрх чөлөөг дээдлэх нь Монгол ухаан болой.» хэмээн маш оновчтой тодорхойлсон аж.
02. Вавилон, Египет, Энэтхэг, Хятад дөрвөн улсыг эртний дөрвөн том соёл иргэншлийн төлөөлөл хэмээн нэрийддэгийг бид мэднэ. Эдгээрийн жагсаалтанд урьд өмнө хавьтдаггүй байсан Монголчуудыг Гегель яахаараа дэлхийн түүхийн том төлөөлөл болгон нэрлэдэг билээ гэдэг бодол таны тархи толгойд орж ирж байна уу? Хамгийн гол нь бидний хувьд өнөө хэр эртний дэлхий дахины түүх хэмээн Египет, Грек, Ромын түүхийг судласаар байгаа гажуудлыг Гегелийн дээрхи айлдвар бутцохисноороо маш чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл тэр бол зөвхөн газар дундын тэнгисийн түүх төдийхөн. Дэлхийн түүхийн тавцан дахь жинхэнэ гол тоглогч бол монголчууд байсан гэдгийг хэлж өгснөөрөө гайхамшигтай. Гэхдээ Гегелийн хувьд «Монголын түүх» гэдэг ойлголт нь Хүннүгээс авахуулаад Орос гүрний хүчирхэгжих үеийг хамарсан өргөн ухагдахуун байсныг энд дурьдах хэрэгтэй.
03. Бид өвөг дээдсийнхээ түүхийг зөвхөн Хүннүгээс эхлэн тоолох нь бас л учир дутагдалтай хэрэг юм. Сыма Цяньгийн «Түүхэн тэмдэглэл» зохиолд Хүннүгийн дээд өвөг бол Ся нар хэмээн цагаан дээр хараар тод томруун тэмдэглэн үлдээсэн нь буй. Ся ханлигийг залгамжилсан Жоу ханлиг 700 жил оршин тогтоод Цинь улс Хятад гүрнийг түүхэнд анх удаа нэгтгэн захирчээ. Монголын түүх гэчихээд энэ нөхөр чинь яахаараа баахан хятад нэр жагсаагаад эхлэв гэж гайхаж байна уу? Ся төдийгүй, Жоу, Цинь ханлиг улсууд бүгд нүүдэлчдийн байгуулж эзэрхийлэн захирч байсан төр улсууд байсан нь одоо нэгэнт түүхэн баримтаар тогтоогджээ. Энэ тухай жаахан дэлгэрүүлж өгүүлсү!
04. Анх Хөх мөрний сав газар Малай зүгийн гаралтай цөөнх үндэстэнгүүд цугларан бүдүүлэг газар тариалан, гар урлал эрхлэж эхлэх үед тэдний эргэн тойронд хаа сайгүй нүүдэлчид оршин амьдрахын сацуу байн байн эзлэн түйвээж ноёрхлоо тогтоож байсан нь анхны ханлиг улсын үр хөврөл болон бүрдсэн байна. Цагийн урсгалд ноёрхогч нүүдэлчдийн төлөөлөл суурин амьдралд уусан нэгдэхийн хэрээр байгалиас заяасан омог сүрээ гээхийн сацуу хүн амын тоо ч өсөн олширсоор байж таарна. Энэ үед дараачийн ээлжийн хүчирхэг нүүдэлчин овог аймгууд тэднийг эзлэж хэсэг хугацааны дараа суурин амьдралд шилжсэнээр дээрхи үйл явц давтагдахын сацуу суурин ханлигийн хүн амын тоог өсгөж, газар нутгийн хил хязгаарыг тэлдэг байжээ. Хамгийн сонирхолтой нь хөрш зэргэлдээ нүүдэлчдэд эзлэгдсэн суурин ханлиг улс шинэ цусаар сэлбэгдсэнээр нэгэн зурвас үед бусдаас илүү хүчирхэг болж ирдэг байсан нь сонирхолтой.
05. «Монголын түүхийн гашуун сургамж» нийтлэлдээ би иймэрхүү байдлаар бүрэлдсэн Жоу улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 300 000 хавтгай дөрвөлжин км байсан бол магадгүй 300 мянган хүн амтай байсан байх магадлалтай Манж нарын үед 9 сая хавтгай дөрвөлжин км болон өргөжсөн тухай дурдсан. Одоо таны тархинд сонирхолтой дүр зураг тодорч байна уу? Энэ үйл явц зөвхөн өмнөд хөрш Хятад төдийгүй Дундад Ази, Арабын хойг, Энэтхэг, Европт ч гэсэн давтагдаж байсныг Гегель олж харсан юм биш биз дээ? Би энд Дундад Азийг хамгийн эхэнд тавьсан нь санамсаргүй хэрэг огт бус аа. Тэнд байгаа бүх үндэстэнгүүдийн хувьд монгол гэрийг өнөө хэр хэрэглэсээр байдаг нь санамсаргүй хэрэг гэж үү? Энэ асуудлыг илүү тодорхой болгохын тулд эргээд уугуул Монгол нутаг руугаа хөлгийн жолоо залцгаая !
06. Одоо монголын түүхийн гол хөдөлгөгч хүч чухам юу байсан тухай ярьцгаая. Ганц үгээр түүнийг «Тэмцэл» гэж товч тодорхойлж болох юм. 2-3 тай жаахан охид хөвгүүд морины нуруун дээр анх гарч төдий насандаа хавчаахай нум барьчихаад хулгана зурамтай хөөцөлдөж эхлэдэг нь тэмцлийн А үсгийн ацгийг татаж байгаа хэрэг. 4-5 насандаа өдөрт хэдэн арваар тоологдох хулгана зурмын толгойг алдалгүй харвадаг байсан нь бэлчээр сүйтгэгчидтэй тэмцэх нэг хэлбэр байж таарна. Тэдгээр жаалууд арай өсгөлүүн том болох үедээ хурдан морины нуруун дээрээс туулай тарвага зэргийг алдалгүй намнах чадалтай болдог нь хүн амын хүнс тэжээлийн чухал эх үүсвэр байжээ. Мэдээ орсон цагаасаа тийм сургуулийг өдөр болгон хийсэн эрчүүд идэр залуу насанд хүрэхдээ илүү том анг алдалгүй намнаж чаддаг байх нь ч тодорхой. Гол нь нийт үндэстэн даяараа ийм цэргийн сургуулийг өдөр болгон хийдэг байсан гэхээр мөн гайхалтай хэрэг шүү. Адуун сүрэг нь чонотой байнгын тэмцэл дунд оршдог бол хонь ямаан сүрэг намар хулганы хатааж бэлдсэн хөеөг идэж тэдэнтэй бэлчээрээ булаацалдан тэмцэлддэг байсан нь Монгол нутагт тасралтгүй өрнөх тэмцлийн бас л нэг сонирхолтой тал юм. Малчин хүн амын хувьд байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицохын төлөөх хүнд хүчир тэмцэл хичнээн удаан хугацаанд үргэлжлээ бол? «Хавар, зун, намар, өвөл хэмээх дөрвөн улирлын тааламжгүй нөхцөл байдлыг өөрсөддөө хамгийн тааламжтай эерэг байдлаар зохицуулж чадсанд л Монгол ухааны гайхамшиг оршмуй.» хэмээн «Чонон сүлд» романы зохиолч бахдан дуу алдсан байдаг шүү дээ. За тэгээд цаашлаад бэлчээр нутгаа булаацалдан байнга тулалдах янз бүрийн овог аймгуудын байлдаан тулалдаан бол Монгол нутагт өрнөж байсан тэмцлийн хамгийн гол хэлбэр байж таарна. Ийм хатуу ширүүн тэмцлийн дунд ялж үлдэж чадсан нь эх нутагтаа эзэн болон үлдээд ялагдсан овог аймгууд шинэ нутаг бэлчээр олж авахаар эх нутгаасаа аяарлан холдох хувь тавилантайгаа эвлэрэх ганц зам үлдэж таарна.
07. Гэхдээ өдөр хоног өнжихгүй тэмцлийн хатуу ширүүн сургууль хийсэн тэднийг чонотой зүйрлэвэл хүн амын тоо тэднээс хавьгүй олон суурин газрын иргэд тэдний хувьд хонь шиг номхон амьтад санагдах нь ч зүйн хэрэг юм. 10, 20 мянга, сайндаа л 30-50 мянган хүн ам бүхий нүүдэлчид замдаа тааралдсан бага буурай овог аймгуудыг эгнээндээ нэгтгэсээр том хүч болон хувирч байсан жишээ маш олон бий. Умард Хүннүгийн сүүлчийн хүчин бутцохигдоод баруун зүгийг чиглэн зугтахад анх ердөө 3000 хүн үлдсэн байсан юм гэвэл та итгэх үү? Тэд л зам зууртаа тааралдсан овог аймгуудыг нэгтэн хүчирхэгжсээр 200 жилийн дараа ямар том хүч болон бүрэлдээд Европ дахиныг донсолголоо доо. Эх нутгаасаа шахагдсан нүүдэлчин овог аймгууд өмнөд хөршийг зорин хөдлөж өөр өөрсдийн ханлиг улсуудыг байгуулж байсан жишээ түүхнээ тоймгүй олон. Бас нэг нийтлэг зүй тогтол нь Шинжаангаар дайрч хүч сэлбээд дундад азийг эзлээд тэндээсээ Энэтхэг, Араб, Европыг түйвээдэг байсныг түүхнээ ямар сайндаа «Шар түйрэнтэй» адилтган зүйрлэж байх билээ.
08. Хятадын түүхэнд «五胡乱华» гэдэг сонирхолтой зурвас үе бий. Үгчилбэл «Таван бүдүүлэг хятадыг самарсан нь» гэсэн утгатай болой. Хүннү, Сяньби гарлын таван үндэстэн умард хятадад өөр өөрсдийн 16 ханлиг улсыг байгуулан ноёрхож байсан үеийг хэлж байгаа хэрэг. Хятадын түүхэн дэхь хамгийн хүчирхэг төр улс болох Тан улсын түрүү үеийн хаад бас л Сяньби угсаатангууд байсан нь олон баримтаар тогтоогдож байна. Ер нь хятадууд өөрсдийн түүхэнд хамааруулаад байгаа нийт 25 төрт улсын түүхийг нийтэд нь жагсааваас ердөө гурван зуу хүрэхгүй жилийн хугацаанд л цэвэр хятад үндэстэн өөрийн төр улсыг толгойлж байсан сонирхолтой баримтыг хятадын зарим түүхчид гаргасан байдаг л даа.
09. Хэдэн хятад, араб, энэтхэг, европ худалдаачид их торгоны замаар худалдаа наймаа үсэргээд байсан хэрэг огт биш юм шүү. Анх нүүдэлчин угшилтай байснаа сүүлдээ суурин иргэншилд шилжсэн бас л Гегелийн «Монгол» хэмээх ухагдхуунд багтах согдууд, хуйхарууд л нүүдэлчид лүгээ хэл соёл дөт дөхүү болохоор тийнхүү чөлөөтэй аялдаг байсныг би дээхнэ нэг бичлэгтээ дурдаж байсан.
10. Бүр арамей бичгээс үүсэлтэй Согд, Хуйхар, Монгол бичгүүд хоорондоо ялгахын аргагүй төстэй байдаг нь бие биесээс уламжлан дамжиж хөгжиж ирсэний баталгаа байж таарна. Энэ үүднээс авч үзвэл Монгол бичиг маань найман зуу биш лав л 2000-гаас доошгүй жилийн настай юм. Жаахан залуу агаад цаг завтайсан бол Хуйхар Монгол бичгийг гүнзгийрүүлэн судлаад түүн дээр бичигдсэн «Тансангийн туужийг» унших юмсан. Бичиг үсэг гэснээс ханз үсэг урьд өмнө олонх эрдэмтэдийн үзэж байсан шиг далайн эрэг орчмын загасчин үндэстнээс гаралтай биш харин Алтайн нурууны өврөөр нутаглаж байсан овог аймгуудаас гаралтай гэж үзэх эрдэмтэд сүүлийн үед олшрох болов. Тэд ханз үсэг бол нүүдэлчдийн соёлтой холбоо бүхий сүг зурагнаас үүдэлтэй гэж үздэг нь бараг л ортойдог оо. Хүннүгээс авахуулаад Түрэг зэрэг язгууртнуудын булшнаас ханз үсгийн соёлтой холбоо бүхий эд өлгийн зүйл цөөнгүй гардаг нь түүний нотолгоо байж болох бус уу? Эртний ханз үсгийн дуудлага орчин цагийн хятад хэлнээс тэс өөрөөр дууддаг байсан нь ч бас л нэгийг хэлээд байгаа хэрэг. Юэши аймаг гэж байсан тухай та бүхэн түүхийн хичээл дээр уншиж байсан буй за. Тэр үгийн эртний дуудлага Даружи байх жишээтэй. Маодун шаньюйгийн нэрийг угтаа бол эрт цагт Мэдүү хэмээн дууддаг байжээ гээд яриад байвал маш урт түүх болж мэднэ.
11. Дэлхийн гоёл төдийгүй соёлд дээгүүр байранд эрэмбэлэгдэх учиртай дээлний үүсэл гарал яах аргагүй Монголчуудад хамаарагдах учиртайг Сы Мацянь өөрийн «Түүхэн тэмдэглэлдээ» бичиглэн үлдээсэн байдаг л даа. Тэр жил Жавхлан гишүүн төрийн галын тахилга дээр дээлийн захаа шувт татан ураад тулганд шатааж орхих нь гол зурах шиг санагдахын сацуу «Үүний гороор олигтой зүйл болохгүй дээ!» гэсэн бодол зурсхийж билээ. Санаа дагаад тэр үү чухам тэр үеэс эхлээд л улс орны маань эдийн засгийн байдал уруудаад эхлэсэн дээ. Зэрлэг адууг гаршуулж, эмээл, дөрөө зэрэг морины тоног хэрэглэл буй болгосон. Цагтаа дэлхий дахиныг гайхшируулж байсан монголын илд сэлэмний гангийн бат бөх чанарыг энд дурьдаж болно. Дэлхийн аль ч армийн нумнаас 2-3 дахин хол тусгалтай эвэр нум хийгээд түүний оноч сэцэн нь юунаас эхтэй болох тухай энэ бичлэгийн өмнө цухас дурьдаж байсан шүү дээ. Энэ бүхэн нь тухайн цагийн үеийн хамгийн гайхалтай технологийн дэвшлийн тоонд багтаж таарна. Монгол гэрийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй бөгөөд 13 дугаар зууны үеийн гэр тэрэг нь тухайн цаг үедээ л хуурай газар дээрхи хамгийн аварга том хөдлөгч оньсон тээврийн хэрэгсэл байсан гээд биччихвэл нэг их хол зөрөхгүй байх аа.
12. Буцлаж байгаа халуун тогоог санагдуулам хаа сайгүй шудрага тэмцэл өрнөсөн Монгол нутагт Мэдүү, Аттила, Тяньшихуай, Чингис хаан нар шиг аруухан баатрууд цолгорон улс орон төдийгүй хавь ойрын харь улс гүрнүүдийг нэгтгэн захирч байсан жишээ аль олныг тоочиж барах вэ? Аттила хаан нийт Европ дахиныг сүрээр дарангуйлж байх цаг үед угсаа гарал нэгт Цагаан Хүннүчүүд Умард Энэтхэг, Арабын хойгийг бараг бүхэлд нь эзлэж байсан. Бас «Таван зэрлэг хятадыг самарсан нь» хэмээх сонирхолтой түүхэн үзэгдэл яг тухайн цаг үед давхцаж байлаа. Оросын түүхчид бидэнд зориулан бичсэн зохиомол түүхэнд «Феодалын бутрал» хэмээн нэрийддэг цаг үед ч Монгол угсаатнууд хичнээн хүчирхэг байсныг би түрүүчийн бичлэг дээрээ газрын зургаар хавсарган харуулсан. Гарцаагүй Монгол угсаатан болох Могулчуудын сэргэн мандсан түүх угтаа бол Монголын түүхийн чухал бүрэлдхүүн хэсэг байх л учиртай л даа.
13. Түүх гээч зөвхөн үйл явдлын дэс дарааг уйтгартай тоочин жагсаасан зүйл огт биш ээ. Харамсалтай нь манай түүхчидийн суралцсан дэг сургууль ийм хэв маягт сургаж дадуулсныг яалтай. Тэр тусмаа Монголын түүхийг шинэ өндөрлөгөөс асар өргөн цар хүрээнд нь багтааж маш гүн гүнзгий судлаж бичих шаардлага амьдралаас урган гарч байгаа юм. Энэ нь мэдээжийн хэрэг хэр баргийн аавын хүү барьж аваад аван саван амжуулчих зүйл биш л дээ. Ганц нэгээр тогтохгүй том түүхийн хүрээлэнгийн олон арван жилийн турш маш төлөвлөгөөтэй ухаалаг ажиллагааны үр дүнд бүтэх зүйл байж ч мэднэ. Тийм түүхийн хүрээлэнгүүдэд дорно өрнийн таваас доошгүй хэлэнд нэвтэрхий мэргэшсэн эх оронч эрч хүчтэй идэр залуу түүхчид ажилладаг байгаасай гэдэг санаагаа ч би энд тэнд явж байхдаа хэлж л байдаг. Гэхдээ монгол бичгээ араб бичигтэй хольж хутгадаг, монгол соёлын сор болсон дээлийн захыг түмний нүдэн дээр түлж шатаадаг төрийн түшээдтэй байгаа цагт энэ том үйл хэрэг бүтэх нь юу л бол?
14. Тэглээ гээд бидний үеийнхэн гар хумхин сууж болохгүй. Дээр өгүүлсэн санааг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд хоёр Сымагийн туурвисан хоёр том бүтээлийг орчуулаад тавьчихсан байхад Монголын түүхийн ерөнхий том зураг тодрон гарч ирэх нь тодорхой. Энд би Сыма Цяньгийн «Түүхэн тэмдэглэл», Сүн улсын чансан Сыма Гуангийн «Засагт туслах нэвтэрхий толь» нэрт хоёр алдартай түүхэн сурвалжийг хэлж байгаа хэрэг. Би түрүүчийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаантай уулзаад энэ тухай санаагаа уламжилсан. Манай дийлэнх дарга нарын гал унтраасан маягтай манж зангаа гаргаад л өнгөрсөн дөө. «Монгол соёлыг дэмжих сан» гэж аятайхан нэртэй байгууллага дуулдаад байдаг. Түүний үүрэг чиглэл уг нь энэ мэт авууштай санаа оноог дэмжиж тэтгэхэд чиглэгдэх учиртайсан. Миний сонссоноор Бонны их сургуулийн монгол судлалын танхимыг тохижуулах, Мельбурны их сургуульд иж бүрэн монгол гэр бэлэглэх гэх мэтэд зарцуулагдаад дууссан юм гэдэг. Мельбурн ч байхдаа яахав дээ. Ядаж Буриад Өвөрмонгол руугаа хандсан юм хийж болоогүй юм байх даа.
15. Энэхүү бичлэгээс та бүхэн Монголын түүх хичнээн өргөн баялаг агуулгатай болохын дөнгөж зах зухыг ойлгосон бол сайнсан. Ийм баялаг түүхтэй үндэстэн энэ дэлхийд Монголоос өөр хаана байх билээ? Тийм ч учраас би энэ бичлэгийг «Гегелийн билгийн мэлмий» хэмээн нэрийдсэний учрыг одоо ойлгож байна уу? Номын тоосонд насаараа хутгалдсан мань мэтэс нь энэ мэтийн учир ёсыг жаахан дэлгэрэнгүй ярьж тайлбарлаж байхгүй бол хэдэн жилийн дараа монголын түүхийг үгүйсгэж, эзэн Богд руугаа нулимагсад нэг хоёроор тогтохгүй олширч мэдэхээс болгоомжлон нэлээд удаан бодсоны эцэст үзэг цаас нийлүүлсэн нь энэ болой.
16. Түүх гэхээр зөвхөн түүхийн сурах бичиг төдийхнөөр эндүүрч төөрөлдөж боломгүй. Хэрвээ бид энэ бичлэгт зурагласны дагуу Монголын түүхийг бүрэн утгаар нь бүтээн туурвиж чадваас дэлхийн сор болсон их сургуулиуд түүнийг номын сандаа булаалдан хүндтэй сууринаа залах нь тодорхой. Түүнээс улбаалан дэлхийн түүх бичлэгт ч өөрчлөлт гарахад маш том хувь нэмэр оруулахсан даа. Түүнийг дагалдан томоохон хэвлэлийн компаниуд «Монголын сонгомол түүх» нэрт тэр бүтээлийг уралдан орчуулж олон тоогоор хэвлүүлж эхлэхэд эргэлзэх юун. Ийм баялаг түүхтэй ард түмэн байж Солонгосын жижиг ханлигуудын тухай өгүүлсэн усан цувралуудыг үзээд сууж байх ичгүүртэй. Эсэн тайшийнхаа 20 000 мянган морьт цэргийн хүчээр Мин улсын 500 000 мянган их цэргийг даран сөнөөж хаан эзнийг нь олзлон авчираад Монгол нутагт долоон жил хонь хариулуулж байсан сонирхолтой түүхээр мөн ч сонин содон олон ангит кино бүтээж болохсон. Дээр нь түүхч, түүхэн зохиол бичигч нарыг маш сайн сургаж бэлдэх хэрэгтэй санагддаг. Хэрвээ тэгж чадвал Монголын түүх өөрөө маш том шавхагдашгүй «Соёлын үйлдвэрлэлийн» салбар болон хөгжиж мэдэх юм шүү гэчих гээд байгаа далд санааг маань гярхай уншигчид эрхбиш ойлгосон буй за.
Орчуулагч Доржсүрэнгийн БОЛДБААТАР
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49