Онцлох мэдээ / Улс төр

Арилаагүй ГАЦАА ба Үнийн өсөлтөд дахин НАЙДАХ УУ?

Хуваалцах:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  энэ оны  хоёрдугаар сарын эхээр БНХАУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын үр дүнд Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа гэсэн мэдээллийг Засгийн газраас өгсөн.
Тэгвэл УУХҮЯ-наас өгч буй нүүрсний экспортын хэмжээг илтгэх тоон мэдээллээс үзэхэд, экспорт асуудалтай хэвээрээ байгаа бөгөөд учиг шалтгаан нь царигийн асуудлаас гадна өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой нь  харагдаж буй юм.
Монгол Улс хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд  авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр  оны эхнээс 1,196.9 мянган тонн нүүрс гаргасан гэсэн мэдээллийг УУХҮЯ-наас өгсөн. Тэгэхээр 2022 он гарснаас хойш 2 сарын хугацаанд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.2 сая тонн орчимд л дөхсөн үзүүлэлттэй байна.
Тэгвэл өнгөрөгч 2021 оны эхний хоёр сард Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ ямар байсанд анхаарал хандуулъя.
2021 оны 1 дүгээр сард ковидтой холбоотойгоор нөхцөл байдал амаргүй байсан ч, Монгол Улс 2.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байжээ. 2 дугаар сард 2 сая гаруй тонн нүүрс экспортод гаргаснаар, тухайн оны эхний хоёр сард нийтдээ 4.5 сая тонн нүүрс экспортод гаргасан.


 
Харин энэ оны 1 дүгээр сард 623 мянган тонн нүүрс гаргажээ. Энэ нь өнгөрсөн оны 1 дүгээр сарын нүүрсний экспортын биет хэмжээнээс 4 дахин буурсан үзүүлэлт болж байна.  


Ер нь бол 2019 оноос хойш нүүрсний экспортын биет хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа. 2021 онд манай улс 16.1 сая тонн нүүрс экспортод гаргасан нь 2020 оноос биет хэмжээгээр 43.7 хувиар буурсан үзүүлэлт байсан.
Хэдий тийм ч нүүрсний үнэ өсөлттэй байсан учраас экспортын үнийн дүн нь өмнөх өмнөх оноос 30.7 хувь буюу 652.9 сая ам.доллароор өсөж, 2 тэрбум 800 сая ам.доллар орчимд хүрсэн юм.


Түүнчлэн өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд ч, нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 4 дахин бага байна. ОХУ, Украины нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь дэлхийн зах зээл дэх нүүрсний эрэлтэд мэдээж нөлөөлөхөөр байгаа. Ямар ч байсан одоогийн нөхцөл байдлыг харахад, нүүрсний үнийн өсөлт тогтвортой байна.
Tradingeconomics.com-ийн мэдээллээр, тонн нүүрсний үнэ 274.50 ам.доллар байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд 36.82 хувиар өссөн үзүүлэлт юм. Нүүрсний үнийн өсөлтөд улс орнуудын харилцааны асуудал, эрэлтийн өсөлтийн төлөв байдал зэрэг тал талын хүчин зүйлс нөлөөлж буй.

Манай улсын тухайд өнгөрсөн оных шиг нүүрсний  экспортын биет хэмжээгээ дорвитой ахиулж чадахгүй ч, үнийн өсөлтөд найдлага тавих уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Эрх баригчид энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.3 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.5 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан. Эдгээрээс нүүрсний экспортын тооцоолол шүүмж дагуулсаар өнөөдрийг хүрч буй юм.
скачать dle 12.0