Эдийн засаг:
“Бөөсөнд хутга, бөлдөгт жад” гэж үг бий. Өчүүхэн юманд дэндүү сүр бадруулахыг хэлж байгаа хэрэг. Монгол төр өнөөдөр яг ийм дүр зурагтай, ааш авиртай байна. Үндсэндээ ядарсны өмнө арслан бар шиг дээрэлхүү, харин задарсны өмнө гөлөг шиг аймхай үхээнц дорой байна. Ядарсан муу иргэддээ яаж ир бяраа гаргаж харгис дээрэнгүй, бүр нэг дарлаж тохуурхсан байдалтай хандаж буйг сүүлийн үеийн үйл явдлууд гэрчлээд өгнө. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 97 дугаар сургуулийн багшийг хүүхэд зодсон гэх хэргээр “шүүж” ажлаас нь халсан. Тухайн багшийг хүүхэд зодсон эсэхийг нь хууль шүүхээр тогтоогоогүй байж, хүүхдийн аав гэх нөхрийн (өөр хүн ч байх магадлалтай) цахимд сэвсэн зүйлийг эш үндэс болгож гэмт хэрэгтэн мэтээр ажлаас нь шууд хөөж нэр төрийг нь гутаасан.
Мөн кофе асгасан гэх Б.Ариунзаяа охины дуулиан шуугиан байна. Үдээс хойш 16 цагт кофе асгасан асуудал үүсч цагдаа дээр очин мэдүүлэг өгөхөд цагдаа хууль бусаар авирласан байдаг. Ингээд цагдаагийн дээрэнгүй хандаж байгаа ёс бус бичлэгийг олон нийтэд цацсанаас үүдэн 19-тэй охины асуудал юу болж хувирав. Бичлэг цацагдсан даруйд кофе асгуулсан гэх хохирогчийг шөнийн цагаар дуудан байцаалт авч шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулан, 23 цагт Б.Ариунзаяагийн эсрэг бичлэгийг сошиалд цацсан. Ингэж нийгмээр нь үзэн ядуулж тэр жаахан охин өнөөдөр төрийн эсрэг гэмт хэрэгтэн шиг, нийгмийг цочроосон онц аюулт алуурчин шиг бүх зүйл нь хууль хяналтынхны хараанд байна. Өмгөөлөгч аавынх нь бичлэгүүдийг гаргаж, өөрийг нь сургуулиас нь хөөж, хилээр гарах эрхийг нь хязгаарлаж юу юу ч болов.
Мөн энэ оны хоёрдугаар сарын эхээр Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа жагссан иргэн Д.Отгонтуяа гэх бүсгүйг таван цагдаа зодсон гэх хэрэг үүсгэн гурван жилийн хорих ялаар зүйлчилж шүүсэн. Уг эмэгтэй “Би цагдаа нарыг зодоогүй. Өөрөө зодуулж бэртэл гэмтэл аваад ажлаа ч хийж чадахгүй болсон. Тийм байтал Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээр яллагдагчаар шүүлгэнэ. Шударга үнэний төлөө дуугарсан гэж ял тохож дуугүй болгох гэж байгаа юм байна. Ер нь дуугарсан болгоныг ялтан болгоод жагсаал хийхэд, наадуул чинь бүгд эрүүгийн ялтнууд гэж хэлэх юм байна” хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Д.Отгонтуяа нь үсчин хийдэг, хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Түүнд шүүхээс зорчих эрхийг зургаан сараар хязгаарлах ял оногдуулсан байдаг.Тэгвэл дөрвөн хүүхэдтэй Д.Урнаа гэдэг эмэгтэйг Юнител компанийн гаргасан нэхэмжлэлийн дагуу сар бүр 50 мянган төгрөг төлөхийг шүүхээс үүрэгдсэн байдаг. Тэрээр тухайн сард төлбөрөө төлж чадаагүй байтал Юнител дахин шүүхэд хандаж албадан гаргуулах хүсэлт гаргажээ.Шүүх тэр дор нь зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дансыг нь хаалаа гэдгийг урьд орой нь мэдэгдээд маргааш нь хүүхдийн мөнгө, тэтгэмжийн дансыг нь хаачихсан байна.
Монгол төр, төрийн үүрэг хүлээсэн цагдаа, шүүх, хууль хүчний байгууллага энгийн ядарсан иргэдэд ингэж ханддаг бол эрх мэдэлтэй, нэр төртэй, хөрөнгө мөнгөтэй, дарга сайд, Их хурлын гишүүд, албан тушаалтнуудын өмнө хэрхэн бөхөлзөж, тэдний хууль бус үйлдлийг хаацайлж, шударга бус байдгийг бид мэднэ. Түүний хамгийн супер жишээ ЖДҮ-гийн хэрэг байна. УИХ-ын нэр бүхий 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд иргэдийнхээ боломжийг хулгайлж Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих сангаас 500 саяас, 2 тэрбум төгрөг хүртэлх мөнгийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж авсан гэдэг нь тогтоодсон. Тэдний зарим нэгээс жишээ татвал Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 1 тэрбум 300 сая, Ж.Энхбаяр 1 тэрбум 950 сая, Я.Содбаатар 2 тэрбум, Н.Учрал, Х.Болорчулуун нар 950 сая, Б.Саранчимэг Б.Наранхүү нар 800 сая, Г.Тэмүүлэн 700 сая төгрөгийн зээл тус тус авсан нь батлагдсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхдаа өөрийн дүү У.Давхарбаярын “Жаргалант мах импекс” компанийн нэрээр 1 тэрбум 300 саяын зээл авсан гэж Н.Номтойбаяр мэдэгдэж байсан. Зээл авсан эдгээр хүмүүс хууль шүүхээр хариуцлага хүлээх нь бүү хэл буцаад төрийн өндөр дээд албанд томилогдсон. Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж улсын эзэн хаан болсон, Их хурлын гишүүн байсан Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Я.Содбаатар Шадар сайд, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Мөн Н.Учрал, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож төрийн түшээгийн сэнтийд заларсан. ЖДҮ-чиддээ хариуцлага тооцож чадаагүй, харин бүр тэднийхээ эрх мэдэлд орсон Монголын төр сүүлд шуугиан болоод буй Хөгжлийн банкнаас зээл авч улс орныг элгээр нь хэвтүүлсэн нөхдөд хариуцлага тооцно гэдэгт итгэл төрөхгүй байна.
Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” 43 сая ам.доллар, Х.Ганхуяг нарын УИХ-ын гурван гишүүн 33 тэрбум, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын “Мак цемент” 153.3 тэрбум, М.Билэгтийн “Ачлал трейд” 42.7 тэрбум, УИХ-ын гишүүн Ундрамын аав Чинбатын хувьцаа эзэмшигч “Вояжер менерал ресурсес” 4.7 тэрбум, Барилгын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан трейд” ХХК 15 тэрбум, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүүгийн гэх “Түгээмэл түмэн хишигтэн” 15.5 тэрбум, Сангийн дэд сайд сасан Пүрэвийн “Энсада истерн” 26 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой байж болзошгүйг олон нийтэд мэдээлээд байгаа. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “НВЦ” ХХК-д 59 тэрбумыг олгуулсан байх магадлалтай тухай хэвлэлээр бичигдэж буй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал асан Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, мөн “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ, “Бэрэн” группийн Мөнхбат, “Нью Яармаг хаусинг прожект”-ийн Ц.Ууганбаяр, “Капитал”-ын захирал А.Ариунболд нарын хүмүүсийг цагдан хориод байгаа. Гэвч Хөгжлийн банкийг жинхэнэ дампууруулсан гол эздийг нь хорьж чадахгүй, толгойг нь илээд байгаа нь хачирхалтай. Мөн тус банкны дэд захирал бөгөөд эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн хариуцлага хүлээх нь бүү хэл өдгөө Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болж томорч байх жишээний.
Эрх баригч Ардын намынхан ЖДҮ болоод Хөгжлийн банкаар улс орныг туйлдуулсан албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байж Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа нарын МАН-д байтугай маньд падгүй улс төрийн карьер нь дууссан нөхдийг намаасаа хөөсөн дүр үзүүлж жүжиг тавьсанд олон нийт дургүй байгаа. Дөрвөн өнчин хүүхэдтэй ядарсан эмэгтэйг сарын 50 мянган төгрөгийн лизингээ төлсөнгүй гэх шалтгаанаар албадан төлүүлэх шүүхийн шийдвэр гарч, амь зогоох тэтгэмж хүүхдүүдийнх нь мөнгөний дансыг хааж харгис хатуу хандсан бол Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж 110 сая ам.долларын зээл авч, улсад 140 гаруй тэрбумын хохирол учруулсан Жастын Батхүүгийн хэрэг шийдэгдэлгүй 10 гаруй жил болж байгааг юу гэх үү. Ядарсан нэгэнд арслан барс шиг, задарсан нэгэнд нохойн гөлөг шиг байдаг манай хууль шүүхийнхний үнэн нүүр царай ердөө энэ байна. Ам нээвэл уушги нээ гэдэг шиг үүн дээр нэмээд хэлэхэд, Монголын цагдаа ард иргэддээ дээрэнгүй ханддаг, хэл амаар доромжилж бах таваа хангадаг, байж боломгүй бүдүүлэг зан гаргадаг явдал хэрээс хэтэрсэн.Түрүү жил цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж байгаад нүүрнүдгүй өшиглөж, харгислан зодож байгаа бичлэг хяналтын камерт үлдэж нийгмийн дуулиан болсон.
Ерөнхий сайд нь Хууль зүйн сайддаа албан мэдэгдэл хүргүүлж ч байсан. Гэвч цагдаа нарын дээрэнгүй зан, ард иргэдээ нохойноос дорд үздэг байдал огтоос засраагүй. Ер нь цагдаа нарыг Орост бэлдэж, боловсрол эзэмшүүлж ирсэн нь хамгийн буруу гэдгийг судлаачид хэлдэг. Манай цагдаа нар Оросын цагдаа нар шиг ард иргэдээ ерөөсөө өстөн дайсан мэтээр үздэг. Цагдаатай буруу харьцвал, тэдний өөдөөс үг сөргөвөл тэгээд л нийгмийн шаар шавхруу болно, амьдралгүй болно.Сүүлд Украины туг далбааг барьж төв талбай дээр жагсан үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн далбааг цагдаа хураан авсан. Мөн Украины далбааг өлгөсөн “Алтан тариа” компани дээр цагдаа нар олноороо сүрийг үзүүлэн очиж байх жишээний. Бид чинь тусгаар улсын иргэд мөн биз дээ гэж бодогдохоор.Тиймээс цагдаа нарыг Америкт, Японд, Солонгост сургах хэрэгтэй. Япон, Солонгосын цагдаа өөрийгөө үйлчилгээний ажилтан гэж боддог, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрх, аюулгүй байдлын төлөө явдгийг хэн хүнгүй мэднэ.
Албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй хүний хэргийг шийдэж чадалгүй 10, 20 жил хойшлуулж байгаагаас харахад монгол төр, Монголын хууль шүүх ямар хүчгүй, авлигад идэгдэж доройтсон гэдэг нь харагддаг. Төрийн үхээнц байдлыг монголчууд ковидын цар тахлын үед ханатлаа амссан. Замын-Үүд дээр бүх бараа бөөгнөрч, гаднаас ирсэн бараагаа эх орон руугаа түргэн шуурхай татаад авчих чадалгүй нунж дорой, ичмээр төр засагтай гэдгээ бид харж харамссан. Мөн дээрээс нь бидний өмнө нь бөхөлзөөд байдаг хоёр хөрш маань бидэнд ямар харгис дээрэнгүй, биднээр зүгээр доог тохуу хийж байдгийг Эрээний боомт хаагдсанаас аваад бүх л зүйл дээр харж байна. Ийнхүү Монголын төр ядарсан иргэддээ омогдохоос өөрийг чадахгүй, ямар ч хүчгүй үхээнц гэдгийг олон зүйл бидэнд бататгаж өглөө.
Харин муу юмандаа гаргуун юм даа, хөөрхий. Монголчууд хийх ажилгүй, хүн бүр гар утсаа шагайж цахимд донтсоныг овжин зальжнаар ашиглаж ард түмнийг ард түмнээр нь бариулж идүүлэх башир аргыг хэрэглэж байна. Сошиалд юу шуугина, түүнийг дөгөөж байгаад төр нь ард түмнийхээ эсрэг ажлаа хийдгийг кофе асгасан оюутан, сурагчаа зодсон гэх багшийн ажиллагаа тод томруунаар харууллаа. Сошиалаар “зодолдуулж” байгаад эцэст нь олон нийтэд таалагдсан шийдвэр гаргаж ажил хийсэн дүр үзүүлж, ялсан баатар шиг загнаж байна. Төр засаг ийм явуургүй, эрээ цээргүй ядарсан башир аргаа одоо боль оо. “Бөөсөнд хутга” гэгчээр ааш авир чинь арай хэтэрлээ.
Д.Батболд
Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49