Онцлох мэдээ / Улс төр

"Түгжээ"-тэй сайдын түгшээсэн шийдвэрүүд

Хуваалцах:

"Түгжээ"-тэй сайдын түгшээсэн шийдвэрүүд

 

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд хэмээх сүрхий алба гаргаад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт тамгыг нь атгуулчихав. Замын түгжрэл нь эцэстээ тулчихсан байхад Ж.Сүхбаатараар ч яах билээ. Гагцхүү сайн бодлого хэрэгтэй болохоос бус эрхэм сайдын монголчуудыг түгшээсэн явуургүй шийдвэрүүд ч хэрэг алга.

Ямартай ч ирэх 2023 оны улсын төсөвт автозамын түгжрэлийг буруулахад зориулж 339 тэрбум төгрөг суулгасан гэхээр “баян” сайд аж. Хэдэн тэрбум төгрөгөөр өрсөлдөх сонгууль дөхөж байхад болж дээ, муу сайд маань гэж бодох нэгэн байж таарна. Түүнийг төсвөөс мөнгө аваад сонгуульдана гэж хэлээгүй ч их мөнгөний нөмөр нөөлөг байж л таарна.

Нөхрийн хувьд намын гишүүдийнхээ хонгыг ухаж, нуруу руу нь “бүлээд” байхаар арга ядсан хэрэг байх. Үнэн хэрэгтээ парламент болон намын бүлгийн түвшинд хэл ам, хэрүүл тэмцэл хийж явдаг Б.Бат-Эрдэнэ аварга, Ж.Сүхбаатар хоёрын амыг хаах зорилгоор ийм хоёр сайдын суудал гаргаж өгсөн гэдгийг хаа хаанаа мэднэ. Цаадуул нь ажлаа тайван хиймээр байсан биз. Ёстой л “Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг л болсон. Өдгөө багцдаа 339 тэрбум төгрөг татчихсан сайд маань чухам юу хийхээ мэдэхгүй яваа бололтой. Учир нь тэрбээр замын түгжрэлтэй холбон ярихаар “Би ямар шидтэн юм уу” хэмээн аашилна. Аргаа барж байгаа бололтой.

Арай сайхан ааштай байхаараа “Шинэ долоо хоногийн өөдрөг өглөөний мэндийг эрхэм танд хүргэе. Даваа гарагт замын хөдөлгөөний эрчим илүү өндөр байдаг тул бэлтгэлтэй байж зохицуулахыг хүсье” хэмээн нялганана. Сайд болохын тулд чухам яаж гүйж байсныг улстөрчид ярьж л байсан. Чухам л “Усыг эргүүлж, уулыг нураана” гэж байсан нөхөр сайд болж, төсвөөс мөнгөө хувиарлуулчихаад иймэрхүү зүйл цахим орчинд бичээд сууж байна. Зөвхөн цахимаар замын хөдөлгөөний зохицуулалт хийх гэж Монгол Улсын сайд болсон бололтой.

 

Тэгснээ нэгэн удаагийн уулзалт дээр "Төвлөрлийг сааруулах ажил бол миний мэргэжлийн ажил гэж болно. Би чинь төрийн удирдлага, захиргааны чиглэлийн хүн" хэмээж байв. Төвлөрлийг сааруулах бодлого бол хамгийн том малгай нь юм. Төвлөрлийг сааруулах бодлого нь дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь улсын хэмжээнд, нөгөөдөх нь Улаанбаатарын хүрээнд ярьж болно. Энэ бол эрх мэдэл, үйлчилгээг задлах тухай асуудал юм. Одоо бидэнд ямар асуудал үүсчихээд байна вэ гэхээр үйлчилгээний төвийн бөөгнөрөл, хүн ам, машины хэт төвлөрлүүд үүсчихээд байгаа. Хамгийн том асуудал нь гэвэл өнөөх л олон жил ярьсан дагуул хотын тухай л ярихаас цааш үл хэтэрнэ. Мөнхүү өнөөх л метро, LRT төсөл гээд бусдын гаргасан жим дээр бусдын урагшаа яваагүй төсөл төлөвлөгөөг ярьж явахаас үл хэтэрнэ.

 

Сүүлдээ даваа гарагт Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэх захирамж бариад дайрч байна. Өнөөх шийдэл нь ердөө энэ. Цар тахлаас үүдэлтэй хоёр жил шахам цахимаар хичээллэсэн сурагчдын хичээлийн хоцрогдол ямар байгааг БШУ-ны сайд болон эцэг эхчүүд ч түгжрэлийн сайдын энэхүү шийдвэрт түгшиж байгаагаа илэрхийлнэ лээ.

 

Эцэст нь ажилтан албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагуудад зөвлөсөн захирамж гаргуулчихсан тууж явна. Түгжрэлийн сайдын шийдвэр ердөө энэ юм. Түүний энэ шийдвэр аливаа улс орон эрвийх дэрвийхээрээ хөдөлж, хөдөлмөрлөж байж хөгждөг гэх олон арван жилийн суртал ухуулга, түүний дагуу хөдөлмөрлөж, түүнийхээ үрээр амьдардаг иргэдийн итгэл сэтгэл дээр ус цацаж байгаа нь зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийг бус нийт монголчууд, төрийг түгшээж байна. Энэ нь хэдийгээр хүйтэнтэй холбоотой гэх шошго нааж байгаа ч тэг зогсохоос айсан явуургүй шийдвэрүүдийнх нь нэг. Гэхдээ энэ нь Хотын даргын гарын үсгээр олон нийтэд хүрч байгаа ч Түгжрэлийн сайдын явуургүй шийдвэр цухалзаж байгааг нуух юун.

Энэ мэт Ж.Сүхбаатар сайдын сэтгэл түгшээсэн шийдвэрүүд айсуй 2024 он хүртэл үргэлжилж магадгүй. Үүнээс гадна түүний улс төрийн замнал өөрөө урваж шарвасан, амин хувийн эрх ашгийн төлөө явж байдаг нь энэ ганцхан жишээ биш л дээ.

 

Тухайлбал, 2012 оны сонгуульд өвдөглөсөн нөхөр МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдсөн. Даанч Ж.Мөнхбатад ялагдсан учраас “Т.Бадамжунайн бүлэглэлийн мөнгөнд уналаа. Луйврын өрсөлдөөн боллоо” хэмээн МАН-ын хаалгыг савж одсон. Харин түүнд Н.Энхбаяр найр тавьсан учраас МАХН-д данслагдах болсон төдийгүй тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, 2016 оны сонгуульд дахин өвдөг шороодсон учраас эрт залуугаараа улстөрийнхөө карьерыг дуусгалаа гэж харах хүмүүс цөөнгүй байсан. Ийнхүү сонгуульд өвдөг шороодсон учраас дүрмийн дагуу МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дар­гын үүрэгт ажлаа өгсөн билээ.

 

Ийнхүү МАН-д шаансгүй болж, Н.Энхбаяр руу явахдаа тэрбээр МАН-аас гарах болсон үндэслэлээ бичиж үлдээсэн. Тодотговол, “Нэгдүгээрт, МАН-д ужгирсан гажуудал, дутагдлыг эрс эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, намаас гарснаар намын шинэчлэлд нөлөөлөхийг хүсэж, өөрийн хэмжээнд алхам хийж байна. Гуравдугаарт, МАН, МАХН улс төрийн нэг цул хүчин болон, шинэ зохион байгуулалтад орж ажиллахыг уриалж байна” гэсэн агуулга бүхий үндэслэлээ дурдаж байв. Үнэн хэрэгтээ Ж.Сүхбаатарыг МАХН хэмээн тэнүүчилж яваад ирэхэд МАН-ын дутагдал улам л ихэссэн үү гэхээс багасаагүй..

 

Уг нь Ж.Сүхбаатар гишүүнд улс төр хэрэггүй байсан гэх хувийн бодол надад байдаг. Учир нь, чамгүй сайн хуульч, эрдэмтэн судлаач байх байсан болов уу гэж боддог. Төрлөө олоогүй төөрч яваа сүнс гэдэг шиг улс төрд төөрч яваад л орчихсон, одоо гарч чадахаа байсан “сүнс” байх. Ж.Сүхбаатарын хувьд бусдыг бодоход олон хуулийн төсөл дээр ажиллаж, төрийн албаны өндөр туршлагатай болсон хүн гэж үзэхэд болохгүй зүйл үгүй. Өдгөө ч түүгээр овоглох нэг зүйл бол Монгол төрийн бэлгэ тэмдэг Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор "Төрийн далбааны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэх хуулийг тэр нэр бүхий хоёр гишүүний хамт санаачилан батлуулсан юм. Энэ бол бахархалтай л зүйл. Үүний зэрэгцээ чамгүй судлаач, эрдэмтэн байх байсан гэдэгт эргэлздэггүй.

 

Тэрбээр 2000-2015 онд "Харьцуулсан эрх зүй судлал", "Монгол Улсын захиргааны эрх зүй", "Монгол Улсын захиргааны эрх зүй" хичээлийн гарын авлага, "Хөгжил дэвшлийн төлөө засаг төр юу хийх вэ", “Өрнөдийн орнуудын захиргааны эрх зүйн тойм” ном туурвиж хэвлүүлсэн бол эрдэм шинжилгээний болон бусад өгүүлэл, нийтлэл 20 гаруйг хэвлүүлсэн нь бас хэрэгтэй газраа хэрэг болж л байна. Түүний сурсан сургууль, ажил хөдөлмөрийн гараа, улс төрд орж ирсэн шалт­гаан нь өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зам­налтай маш адилхан гэхэд болно. Түгжрэлийн сайд маань тууштай бодлого гаргаж, түг­шээ­­сэн шийдвэр гаргахгүй бол цааш явахад хүндрэл бий болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0