Эдийн засаг:
-Та бүхний санаачилгаар АН-ын “Эв нэгдэл” ажлын хэсэг байгуулагдаж, хоёр хоногийн өмнө ҮБХ-ны гишүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо. АН-ын эвлэрэл яалт ч үгүй нийгэмд хүлээлт үүсгэж байна. Сөрөг хүчингүй эрх баригчид ямар байдгийг нийгэм, эдийн засгийн байдал тод харуулж байна шүү дээ?
-АН бол эрх чөлөөний үзэл санаан дээр суурилсан хүчтэй улс төрийн хүчин. Нөгөө талаасаа Монгол Улсын бүхий л аймаг, сум, баг хороодод салбартай, 30 жилийн туршлагатай нам. Энэ хугацаанд бүрэлдэн бий болсон ийм том улс төрийн хүчин гуравхан жилийн дотор яаж сульдаж, нурж, доройтдогийг бид харлаа. Энэ бол үнэхээр УИХ-д байгаа АН-ын хэдэн гишүүдийн асуудал биш. ҮБХ-ны хэдэн зуун хүний ч асуудал биш. Тэр тусмаа АН-ын 200 мянган гишүүд дэмжигчдийн асуудал бүр ч биш.
Энэ бол Монгол Улсын хувь заяа, тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Яагаад гэвэл Монгол Улсын парламентын засаглалын оршин тогтнох үндэс нь улс төрийн намууд. Гэтэл улс төрийн суурь, эрэлт хэрэгцээтэй энэ том нам ганхчихаар эрх баригчдын дураараа авирлалт, хоосон пиар, зүүний хүчний хэт халамжийн бодлого ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг нийгмээрээ мэдэрлээ. Тиймээс АН-ын цэгцрэлт, сэргэн мандалтын асуудал гарцаагүй нийгмийн захиалга болчихоод байна. Манай нам өнгөрсөн 2.5 жил маргаантай явж ирсэн болохоор УИХ дахь АН-ын 11 гишүүн санал нэгдээд АН-ын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүдээрээ асуудлаа ярилцъя гэж шийдсэн. Дарга дээр биш, төлөөллийн төв байгууллага дээрээ суурилж, гарц гаргалгаагаа эрэлхийлж ажиллая гэж байгаа юм. Хоёрхон хоногийн дотор зар аваад ҮБХ-ны 200 гаруй гишүүн маань хөдөө, хотоос идэвхтэй ирж зөвлөлдөх уулзалтдаа оролцлоо. Энэ сарын 10-нд ҮБХ-гоо хуралдуулахаар бүгд санал нэгтэйгээр дэмжсэн байгаа.
-Зөвлөлдөх уулзалтад ирсэн ҮБХ-ны гишүүд намын эв нэгдлийн асуудалд ямар, ямар санал хэлж байна вэ?
-Ер нь ҮБХ-ны гишүүд маань энэ зөвлөлдөх уулзалтад ирсэн нь өөрөө намын эв нэгдэлд хаа, хаанаа маш их санаа зовниж байгаагийн тод дүр зураг юм.Намынхаа эв нэгдлийн асуудлыг хуулийн хүрээнд явуулахыг, эрх баригчдадаа шахалт үзүүлж ажиллахыг, өнгөрсөнд дүгнэлт хийж, цаашид ямар алхмуудыг хийх гээд олон асуудлыг гишүүд маань илэн далангүй, нүүр нүүрээ харалцан ярилцлаа.
-Энэ сарын 10-нд товлогдсон ҮБХ-ны хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Намын даргынхаа асуудлыг дүрэм журмаараа яаж шийдэх эрх нь АН-ын төлөөллийн төв байгууллагад бий. Удахгүй товлогдох ҮБХ-ны хурлаа намын дүрэм, журмаа хэлэлцэнэ. Шаардлагатай бол намын их хурлаа дахиад зарлах талаар ярилцаж байгаа.
-АН-ын “Эв нэгдэл” ажлын хэсгийг С.Эрдэнэ зөвшөөрөхгүй байгаа харагдсан. Та бүхний УДШ-д хүргүүлэх материалыг бас хүлээж авахгүй гэх нөхцөл байдал үүсэх юм биш биз дээ?
-АН-ын маргалдаж байсан аль, аль талаас нь ажлын хэсэг болон зөвлөх багт орж ажиллахыг урьсан. Үнэхээр намынхаа эв нэгдлийн төлөө явъя гэж хүсч байгаа бол ажлын хэсэгт орж ажиллах нь хэн бүхэнд нээлттэй. Өнөөдөр С.Эрдэнэ, Х.Баттулга нар хоёр талд цөөхөн хүнтэй байгаад байх юм уу. Энэ тэгээд хэний эрх ашиг юм бэ. Намын гишүүд дэмжигчдийн эрх ашиг юм уу. Эсвэл Монгол Улсын эрх ашигт нийцэх үү. Иймд бүгд хувь хувийнхаа эрх ашгийг хойш тавья гээд УИХ дахь АН-ын 11 гишүүн намаа эв цаванд нь оруулахаар нэгдээд ажиллаж байна. Энэ бол зөвшилцөл ойлголцлын хувьд том хэмжээний үйл явдал. АН гацаанаасаа гарна гэдэгт итгэлтэй байна.
-АН хурдан эвлэж нэгдэхгүй бол дараагийн сонгууль хаяанд ирлээ шүү дээ?
-Хугацаа тун бага үлдлээ. Энэ чигээрээ байх нь хэний эрх ашиг юм бэ. Лав л ардчиллын эрх ашиг биш байх. АН-ын ч эрх ашиг биш. Дийлэнх олонхоороо нэгдэж, нийлье гээд санаа зовниод эв нэгдлээ олцгооё гэж байхад зарим нэг нь яагаад үгүйсгэж зугтаад байгаа юм бэ. Эндээс хэн нь намын эв нэгдлийн төлөө, хэн нь хувийн эрх ашгийн төлөө тэмцээд байгаа нь тод харагдах биз ээ.
-АН-ын даргад хэн тохиромжтой вэ. Та бүхэнд зураглал байна уу. Магадгүй АН өвгөчүүдээсээ салж байж жинхэнэ утгаараа сөрөг хүчнийхээ байр суурийг олж чадна гэх нийгмийн хандлага бий. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Хэн намын дарга болох уу, яаж шийдэгдэх үү гэдэг асуудал яригдсаар ирсэн сэдэв. Үүн дээр хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, АН зөвхөн дарга сонгох гээд яваад байгаа юм биш. Ингэвэл өөрсдийнхөө хямралт байдлыг ойлгоогүй л байна гэсэн үг. Бид зөвхөн эв нэгдэл гэдэг үгийг илүү өргөн утгаар ойлгох ёстой. Бид нэг үнэт зүйлтэй, нэг зорилготой, нэг институци, нэг систем болж шинээр сэргэн мандаж байж АН Монголын ард түмний эрэлт хэрэгцээнд нийцнэ. Яг үнэндээ АН гэдэг бол Монголын ардчилал биш. АН-гүйгээр ч Монголын ардчилал оршино. Тиймээс бид эдгээр эрэлт хэрэгцээнд нийцэхийн тулд зөвхөн дарга биш, нэг үзэл баримтлал, нэг зорилго дор нэгдэх ёстой. Ингэж чадвал жинхэнэ утгаараа сэргэн мандана. Намын даргын асуудал дээр хэн дарга болох нь бүгдэд нээлттэй. Магадгүй үүний цаана хэн дарга болж болохгүй вэ гэдэг асуултад хариулж байж цаашаа үйл явц илүү эрүүлээр өрнөх ёстой.
-2023 онд ээлжит бус сонгууль болно гэж улс төрийн хүрээнийхний дунд яригдсаар ирлээ. Нүүрсний хулгай гээд нийгэмд болж бүтэхгүй бүхэн тогтолцооны гажуудал гэж эрх баригчид ярих боллоо. Хэрэв энэ биеллээ олбол танай нам эвлэж нэгдэж асуудлаа улам яаравчлуулах хэрэгтэй юм биш үү?
-Эрх баригчид нийтээрээ нийлээд нүүрс хулгайлахад үндсэн хууль ямар буруутай юм бэ. Тэд парламентад 62 суудалтай, гүйцэтгэх засаглалын эрхийг авсан. Тэднийг хянах хяналтын байгууллагууд, тогтоцоо нь байна. Үндсэн хуулиас болоод нүүрс хулгайлчихсан юм уу. Нүүрсний хулгайд хариуцлага тооцооч гэхээр тогтолцооны гажуудалтай холбодог. Тэмээ гэхээр ямаа гэдэгтэй адил. Миний хувьд Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцдэггүй. Гэхдээ эрх баригчид хулгай хийхэд яагаад Үндсэн хууль буруутай болчихож байгаа юм бэ. Эрх баригчид үүнд хариулах ёстой.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49