Онцлох мэдээ / Улс төр

Салбар нь авлигад живчихээд байхад нүдэн балай, чихэн дүлий байсан Х.Хэрлэн дарга хариуцлагаас мултрах учиргүй

Хуваалцах:

 

Салбар нь авлигад живчихээд байхад нүдэн балай, чихэн дүлий байсан Х.Хэрлэн дарга хариуцлагаас мултрах учиргүй

 

Ойрын өдрүүдэд УБТЗ-ын нэг хурган дарга буюу Тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг сейфэнд нь хураалгаатай байсныг хууль хяналтынхан хурааж аван Шүүхийн байгууллагаас түүнийг цагдан хорьсон. Төрийн гэх байгууллагын жирийн нэг албаны даргын гэрт ийм их хэмжээний мөнгө байгааг мэдсэн иргэд “өнөөдрийн Монгол улсад төрийн албан хаагчийн цалин хэд байгаа билээ. Насаараа хураагаад ч ийм их хэмжээний мөнгийг хадгалж чадахгүй. Яаж ч бодсон энэ авлигал ашиг сонирхол байна” хэмээн эгдүүцэн зэвүүцэж байна. 

Гэтэл С.Батдөл нь шүүх хурлынхаа үеэр хээв нэг “Миний хэрэг хөнгөн хэрэг, цагдан хорих шаардлагагүй гэж үзэж байна” хэмээсэн нь албан тушаалтны ахуй амьдрал, эгэл “ул”-ныхны борог амьдралтай харьцуулашгүй их заагтай болсныг илтгэсэн бас нэгэн бодит жишээ боллоо.

Энэ үйл явцыг харсан УБТЗ-ын дарга  Х.Хэрлэн өнөөдрийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий царайлсаар ямар нэгэн тайлбар хийлгүй, таг чимээгүй суусаар байгаа нь бас л хардах сэдэл төрүүлнэ. Ийн хардахын учир нь 2017 оноос хойш АМГТГ-ын даргаар ажиллаж байх үеийн түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахад орлого нь огцом нэмэгдсэн байдаг. Тодруулбал:

-2017 онд 115 сая

-2018 онд 154 сая

-2019 онд 492 сая

-2020 онд 1.4 тэрбум төгрөг болж огцом өссөн байна. Мөн тэрбээр 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой, 430 сая төгрөгийн жийп буюу туулах чадвар өндөр Land Rover, Range Rover машинтай гэж мэдүүлжээ. Түүнчлэн 425 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол өөрийн дотоодын хадгаламждаа 1.1 тэрбумын хадгаламжтай. Харин "Эйч Ти Эм", "Герман цонх", "Эрдэнэс таван толгой" компанид багагүй хувьцаа эзэмшдэг. Ийнхүү дөрвөн жилийн хугацаанд 115 сая төгрөгийн орлогоо 2020 онд 1,4 тэрбум болтол огцом өсгөж чадсан бол одоо энэ тоо хэд дахин үржигдсэнийг хэлж мэдэх арга алга.

Х.Хэрлэнг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “ойрын” хүн, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн найз гэдэг. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой хүн гэж түүнийг зүтгүүлсэн гэнэ билээ.

Харин Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийх үеэрээ “УБТЗ-д 2021 оноос хойш удирдах ажилтнууд 20 гаруй орон тоогоор нэмэгдсэн. Эдгээр удирдах ажилтнуудын цалин хөлс, хангамж, өрөө тасалгааны тохижилтод эдийн засгийн хямралтай, үнийн өсөлтийн үед зардал нэмэгдүүлсээр байна. Ажлын хүндийг нугалдаг ажилтнуудаас илүү Удирдах газрын орон тоо данхайж байгаагийн улмаас жирийн ажилтнууд салбар нэгжийн ажилтнуудын ажлын ачаалал зохиомлоор нэмэгдэж байна" хэмээсэн. Удирдах ажилтны орон тоо хэрхэн нэмэгдсэнийг тодруулбал:

  1. Мэдээллийн технологи хариуцсан замын орлогч дарга
  1. Хүний нөөцийн албаны орлогч дарга
  2. Гадаад харилцааны албаны орлогч дарга
  3. Санхүүгийн албаны орлогч дарга
  4. Маркетингийн албаны орлогч дарга
  5. Замын ажлын албаны орлогч дарга
  6. Төлөвлөлт, эдийн засгийн албаны орлогч дарга
  7. Авто тээврийн үйлчилгээний төвийн орлогч дарга
  8. Хангамжийн албанд дөрвөн мэргэжилтэн

10.  Хүүхдийн секторын орлогч дарга

11.  Мэдээлэл технологийн албыг хоёр хувааж, нэг орлогч дарга, нэг ерөнхий инженер

12.  Замын орлогч дарга нарт хоёр нарийн бичиг

13.  Цэрэгжүүлсэн хамгаалах албаны орлогч дарга

14.  Политехникийн коллежийн орлогч дарга

15.  Замын аж ахуйн албанд орлогч дарга

16.  Техникийн бодлогын албаны орлогч дарга

17.  Хүний нөөцийн албанд нэг байцаагч.

Энэ нь Х.Хэрлэн УБТЗ-ын даргаар томилогдсоныхоо дараа жил хийсэн томилгоонууд гэсэн үг юм. Эргэн сануулбал, Х.Хэрлэн 2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд томилогдож, арванхоёрдугаар сарын 03-нд ажлаа хүлээн авсан байдаг.

Ийнхүү төмөр зам хэмээн их айлд бугшсан муу муухай үйлдлүүд С.Батдөлөөр илрэн гарч эхэллээ. Энэ авлигын хэрэгт нэг муу хурган дарга ийм их хэмжээний мөнгө завшсан байхад  дээд албан тушаалтнууд нь гараа хумиад суугаагүй нь лавтай. Тиймээс өнөөдрийн байдлаар АТГ-аас нэр бүхий 20 гаруй хүнийг гэрчээр болон хамжигчаар дуудаж мэдүүлэг тайлбар аваад байна. Салбар толгойлж удирдаж байгаа Х.Хэрлэн даргын хувьд мэдүүлэг, мэдээлэл өгөх үүрэгтэй, мөн “доодхоо” захирч чадаагүйнхээ төлөө хариуцлага ч хүлээх ёстой.

BOLOD.MN

скачать dle 12.0