Онцлох мэдээ / Улс төр

Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

Хуваалцах:

Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

 

Үндсэн хуульд гар хүрэх үндсэн шалтгааныг танилцуулж, хүүхдийн мөнгөнөөс хоцорсон ээжүүдийн бухимдал намжиж, Ардчилсан намын шинэ даргын сураг сонсогдож, Эрдэнэс Тавантолгойн шинэ ажлын байрны сонгон шалгаруулалтын сорил эхэлж, АТГ-аас “нүүрсний” тодотголтой хэргийн хил дамнасан хулгай таван их наяд хүрсэнийг зарласан гээд үйл явдал арвинтай өнгөрсөн долоо хоногийн тоймыг уншигч танд хүргэе.
Даваа гараг: 
Ээж нар хүүхдийн мөнгөний төлөө шаардлага хүргүүлэв

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээжүүд ХНХЯ болон ҮСХ-нд шаардлага хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлэв. Дөрвөн есийн жаврыг үл ажран хүйтэн цементэн дээр зогсох болсон шалтгаан нь үр хүүхэд нь төрдөө ялгаварлуулж, өөрсдийнх нь олсон мөнгө хэдэн мянгаар үржигдэн “системд” бүртгэгдсэнд бухимдсандаа тэр. Засгийн газраас “Хүүхдийн мөнгийг чинээлэг орлоготой 9 хувиас бусад айлын хүүхдүүдэд ялгаварлалгүй олгоно” гэж мэдэгдсэн ч бүртгэлийн байгууллагын бүтэлгүйтлээс болж эгэл жирийн амьдралтай мянга мянган айлын хүүхдүүд хүүхдийн мөнгөний гадна үлдээд байсан юм. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан албатуудынхаа будлианы араас ахин залруулга хийж, “Алдаа гарчээ, хороон дээрээ очиж бүртгэлээ шинэчил” гэсэн хариу өгснөөр, жирийн иргэдийн ажил дээр ажил, амьдралд нь асуудал нэмсэн хүүхдийн мөнгөний асуудал арайхийн намжив. 

 

Мягмар гараг:
Л.Гантөмөр АН-ын дарга болох уу?

Гурав ч юм уу, дөрвөн ч юм уу тийш харсан Ардчилсан нам албан ёсны даргатай болох Их хурал болсон нь энэ өдрийн гол сэдэв байлаа. АН-ын Үндэсний бодлогын зөвлөлөөс С.Баярцогт, Л.Гантөмөр, С.Одонтуяа, З.Нарантуяа нарын дөрвөн нэр дэвшигчийг хэлэлцэж, намын Их хурлаар аль нэгийг нь даргаар сонгох болсон юм. Харин Их хурал болсон өдөр С.Эрдэнийн хүн болох С.Одонтуяа нэрээ татаж, үлдсэн “Учиртай гурван толгой”-гоос БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр илүүрхэж намын даргын суудалд очих эрх авсан. Гэхдээ энэ хурал тамганы төлөөх дарга нарын дайнд цэг хатгасан эсэх нь эргэлзээтэй хэвээр.  

 

Лхагва гараг: 
Авлигаас үүдсэн хохирол ганцхан жилд таван их наяд 24 тэрбум 


АТГ-аас өнгөрсөн жил хийсэн ажлын тайлангаа танилцуулж, жинтэйхэн хэвлэлийн хурал хийсэн нь лхагва гаригийн онцлох үйл явдал байлаа. Албан тушаал авлигын асуудал нь улсын хилээс халиад, улсад учруулсан хохирол нь их наядаар хэмжигдэх болсныг албаныхан дуулгав. Төрийн албанд, төрийн өмчит компани удирдаж байгаа цагаан захтнууд хил дамнан байшин худалдан авч, гадаадын байрандаа тэрбумаар тэрбумаар нь мөнгө хадгалсан гээд авлига албан тушаалын хэргийн том дүнтэй, том хэргүүдийн цуваа хөвөрч байна. АТГ-аас мэдээлснээр өнгөрсөн онд нүүрсний хэрэгт холбогдуулан 13 тэрбум төгрөгийг битүүмжилж, 66 хүнийг яллгдагчаар татсан байна. 
Гэмт хэргийн улмаас улсад таван их наяд 24 тэрбум төгрөгийн хохирол учирсны хоёр их наяд гаруйг нь нөхөн төлүүлээд байна гэсэн “ам ангайлгасан” баримтыг дэлгэв. Гадагш гарсан баялгийг нөхөн төлүүлж, тал орчмыг нь буцаан татаж чадсан тухай арай дөнгүүр мэдээллийн зах зух ч дуулдав. Лондон хотод гэхэд 1,8 тэрбум төгрөг бэлнээр, болон 269 сая төгрөгийн үнэ бүхий хоёр үл хөдлөх хөрөнгө, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам. долларыг улсын орлого болгон буцаан төлүүлсэн байна. Виржинийн арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.долларын үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг улсын өмчид бүртгүүлсэн. Мөн энэ арлаас 11.3 тэрбум төгрөг буюу 5.7 сая ам.долларыг улсын орлого болгон хураан авчээ. 
 


Пүрэв гараг:

Улс төрийн 24 нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад санал нэгдсэн


Засгийн газрын тэргүүний захирамжаар Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг гарч, “эцэг” хуульд шинэчлэл хийх том ажлыг эхлүүлээд буй. 1992 онд баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэхүү ажлын хэсгийг Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр ахалж байгаа бөгөөд нам, улс төр, иргэний нийгмийн төлөөллүүд ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тэд энэхүү хуулийн агуулга, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол шалтгаан, үзэл баримтлалын шинэчлэл зэргийг тайлбарлан хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
-1992 онд баталсан Үндсэн хууль маш чухал хууль байсан. Тэр үед гадаад, дотоод бүх нөхцөл байдал цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. 1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгэм рүү шилжихээр томьёолсон байдаг. Ингээд УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон. УИХ өөрөө төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжээд хамгийн чухал,  их эрх мэдэлтэй, мундаг байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн. Үүнээс хойш 32 жил явлаа. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарчихсан. Хяналтаас гарсан төр засаг нь хянах ёстой хүмүүсээ хянаж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй, хулгайг зогсоож чадахгүй байгаа нь ард түмний бухимдлыг хүргэж байна. Одоо хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга эрдэмтэд, судлаачид, ТББ, социологичид болон иргэдээс гараад байгаа юм. Бидний боловсруулсан хуулийн төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гээд 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн хурдан, ард түмэнд ашигтай гарц гэж үзсэн" гэлээ.   Одоогоор улс төрийн 20 гаруй нам Үндсэн хуулийг шинэчлэх тунхаг бичигт гарын үсэг зураад байна.

 


“Эрдэнэс Монгол”-ын сорил эхэллээ


Төрийн өмчит компаниудын засаглалыг ил тод байлгах үүднээс “Эрдэнэс Монгол” компанид сарын 2-12 сая хүртэлх цалинтай ажлын байранд  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Нийт 71 ажлын байранд давхардалгүй тоогоор 2,955 иргэн хүсэлт ирүүлсэн бөгөөд тэднээс 2407 нь эхний шатны шаардлагад тэнцжээ. Сонгон шалгаруулалтын дараагийн шат болох сорилын шалгалт энэ дүрэв гаригт эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх хүнээс ярилцлага авч, сонголтоо хийх юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, чадварлаг баг бүрдүүлэхэд анхаарч байна. “Эрдэнэс Монгол” ХХК-иас эхлэн шинэ жишиг тогтоож, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийх боломж бүрдүүллээ. Цаашид төрийн өмчит компаниудад ямар нэг хүнд суртал, улс төрийн нөлөөллөөр ажилд ордог биш шударга, ил тод сонгон шалгаруулалт явуулдаг журам гаргах болно” гэж мэдэгдсэн. Тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ системийг Тагнуулын Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаар баталгаажуулжээ.

 

Баасан гараг:

Ардчилсан намын даргыг батламжлах эсэхийг өнөөдөр шийднэ


Ардчилсан намын Их хурал өнгөрсөн даваа гаригт болж, нэр дэвшсэн гурван хүнээс Л.Гантөмөр хамгийн олон хүний санал аваад байгаа. Түүнийг батламжлах эсэхийг дээд шүүх өнөөдөр шийдэх товтой. Үүнээс гадна “тамгатай” дарга С.Эрдэнийн таалалд нийцэх гэдэг өөр нэг өндөр даваа бий. Үүнийг ч өөрийн байгаа гэдгээ мэдрүүлэх аятайхан тактик хэмээн ойлгож өлхөөн өлгөөд авах нь С.Эрдэнээс л гарах аяг. Тиймээс ч хэвлэлийн хурал хийн, “Л.Гантөмөр дарга болох эрхгүй” хэмээн мэдэгдсэнд нь гайхах юм ч алга. Ямартай ч хэн ч дарга болсон хамаа алга, Ардчилсан нам байсан юм гэж өнгөрсөн цаг дээр үлдэхээсээ өмнө даргатай болох тавилан байна уу гэж л олон нийт хүлээж байна. Давааны цаана даваа ч байна даа, “А” намд. 

скачать dle 12.0