Онцлох мэдээ / Улс төр

Монгол Улс "Рио Тинто"-гоос “Оюутолгой”-н өргөтгөлийн төсвийг өсгөхгүй байхыг хүсжээ

Хуваалцах:

Монгол Улс "Рио Тинто"-гоос “Оюутолгой”-н өргөтгөлийн төсвийг өсгөхгүй байхыг хүсжээ

 

Говь цөл дэх Оюутолгойн асар том зэс, алтны уурхай дахь түнш Рио Тинтогоос уг төслийг өргөтгөхөд шаардагдах 7.06 тэрбум ам.долларын төсвөө цаашид нэмэгдүүлэхгүй байхыг хүссэн талаар Монголын Уул уурхайн сайд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Төлөвлөгөөнөөс хоцорсон, төсвөө хэтрүүлсэн уурхайн гүний өргөтгөлтэй холбоотой удаан үргэлжилсэн маргааныг хоёр түнш саяхан эцэслэж, Рио өнгөрсөн онд Монголын Засгийн газрын төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрийг чөлөөлөхөөр тохиролцсон. Байгууламжийг өргөтгөх зардал 2016 онд 5.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байснаас өсөж, санхүүжилттэй холбоотой маргаан үүсгэсэн.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Засгийн газар Рио Тинтогоос төсвөө нэмэхгүй байхыг хүссэн. Рио Тинто энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан” хэмээжээ. Жилд 500 мянга гаруй тонн зэс олборлох төлөвтэй байгаа дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн ордын 34 хувийг Монгол, 66 хувийг Англи-Австралийн уурхайчин Рио Тинто эзэмшдэг. Төлөвлөсний дагуу 2023 оны дундуур гүний уурхайгаас анхны олборлолт хийнэ гэж найдаж байгаагаа сайд мөн онцолж байв.

Дэлхийн уурхайчид ногоон эрчим хүчний тэсрэлтийг эрчимжүүлэхийн тулд зэсийн ашигт малтмалын шинэ ордуудыг эрэлхийлсээр байгаа бөгөөд мотор, батерей, цахилгаан утас үйлдвэрлэхэд ашигладаг улаан металлын үнэ өсөх төлөвтэй байгаа тул Оюутолгой өргөтгөл хийсэн.

Төрийн өмчит уул уурхайн компаниудын муу засаглал нь Улаанбаатарыг олон тэрбум ам.долларын өрөнд даруулж орхисны дараа Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хичээж байна. Эсэргүүцлийн жагсаал үүсгэсэн авлигын дуулианы дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30-40 хувийг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна. Мөн Засгийн газар төрийн өмчит бүх уурхайчдад нүүрс, зэс, төмрийн хүдрийн арилжааг дотоодын металлын биржээр дамжуулан явуулахыг үүрэг болгох шинэ хууль баталсан нь ил тод байдлыг сайжруулж, залилан мэхлэх явдлыг бууруулна гэж үзжээ. Ганбаатар “Уул уурхай манай улсын ДНБ-ий дөрөвний нэг, экспортын 90 хувийг бүрдүүлдэг учраас Монгол Улс Засгийн газарт төлөх зэсийн нөөц ашигласны төлбөрийн дээд хэмжээг 7-8 хувь болгох салбарын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

 

Одоогоор аливаа металлын үндсэн нөөц ашигласны төлбөр таван хувь байна. Гэтэл нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллар давахад зэсийн баяжмалд 20 хувийн роялти ногдуулдаг. Цаашид үнэ өсвөл илүү байж болно” гэв. БНХАУ эдийн засгаа эргэн нээхтэй зэрэгцээд “Rio Tinto” компанийн хувьцааны ханш эрчимтэй өсөж байгаа юм.Сүүлийн хаалтаар 127.6 австрали доллар болж, сүүлийн 52 долоо хоногийн буюу өнгөрсөн оны гуравдугаар сарын долооноос хойших дээд түвшинд хүрсэн байна. Харин арилжааны идэвх нь сүүлийн 20 хоногийн дунджаас 77 хувиар өндөр байгаа юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0