Эдийн засаг:
Ардчилсан намын учрыг жирийн иргэд бүү хэл намынх нь гишүүд, дэмжигчид ч олохоо больсон. С.Эрдэнийн, Женкогийн гэж хоёр хуваагдаад байсан бол Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон хурлын дараа үндсэндээ гурван хэсэг болж орхисон.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал гээч хурлаар Лу.Гантөмөрийг намын даргаар сонгож, батламжилсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан намын эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, намын даргаа шинэ намын дүрэмд нийцүүлэн сонгосон. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Нөгөө талдаа Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо нь Ардчилсан намын зохион байгуулалт, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болсон. Энэ хүрээндээ намын төлөөлөгчид маань оролцож, асуудлыг шийдсэн.
Хэн нэгэн хүн өөрийгөө дарга гэж бодоод, хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой, дотроо ойлголцоод явах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монголын төр дэх Ардчилсан намын төлөөлөл. Нөгөө талдаа Үндэсний бодлогын хороо гэдэг бол нам талаасаа эрх бүхий байгууллага. Энэ хоёр намынхаа ойлголцол, эвлэрэл дээр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Тийм учраас бид Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байгаа юм. Шүүх хараат бус байж, Ардчилсан намын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэлтэй байна. Бүртгэхгүй бол Улсын дээд шүүхийн шүүгчид ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой. Шүүгч нар худал хуурмагаас хол байх ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Дээрээс нь Лу.Гантөмөр “Бусадтайгаа учраа олно” гэж хэлж байлаа. Харамсалтай нь өнөөх л С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд нь эвлэрэхийг үл хүсэж буй бололтой. Лу.Гантөмөрийг даргаар сонгосон хурал болдог өдөр “Хууль бус” гэж мэдээлэл хийсэн нь үүнийг давхар нотолно.
Тэгвэл С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан хэлсэн үгэндээ хүрч мөн л намын даргыг сонгох сунгаа хийж, бямба гарагт цахимаар санал хураалт явуулав. Энэ санал хураалтаас УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21027 хүний санал авч, намын даргаар сонгогдов. Харин даргын сонгуульд нэр дэвшсэн Л.Гүндалай өөрийн цахим хуудастаа "Сая АН-ын даргыг сонгох сунгаанд оролцлоо. Ардчилсан нам ч одоо олон даргатай болоод байна. С.Эрдэнийн тал гэнэ үү, С.Эрдэнийн АН гэнэ үү сонгуулиа явуулсан. Түүнд нь би бас оролцоод ялагдчихлаа. Ялагдах нь ч яах вэ. Би бол ялж, ялагдаж явахыг мэддэг учраас нэг их тоогоод байх зүйл биш. Гэхдээ луйвар, булхиагаар ялагдах жаахан сонин юм байна. Хамгийн гол нь эхлээд цахимаар санал хурааж байна гээд хувийг нь танилцуулаад л байсан юм. Тэгээд яг 12.00 цагт хаагаад л бүх юм харанхуй алга болчихсон. Том зааланд хүлээгээд сууж байтал дотоод сонгуулийн хорооныхон гэнэтхэн нэг бичиг авчирч ирснээ нэр дэвшигч нарын авсан саналыг гаргаж ирээд уншчихаж байна лээ. Үүнийг би гайхаад байгаа. Саналын дүнг бидэнд харуулаагүй” хэмээв.
Гэсэн хэдий ч үүнийг үл хайхран С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд өчигдөр намын Их хурлаа хийж Д.Ганбатыг намын даргаар батламжлаад авав. Уг ээлжит бус хуралд нь танхим, цахим хосолсон хэлбэрээр 830 төлөөлөгч оролцсон гэдгийг Дотоод сонгуулийнх нь дарга мэдэгдэж байна лээ. Үүнээс харахад Ардчилсан нам эв нэгдлээ олж, нэг замаар явах нь худлаа болж байх шиг байна. Учир нь дахиад л хоёр өөр намын дарга гараад ирчихсэн учраас Дээд шүүх шийдвэрээ гаргахад илүү хялбар боллоо. Тэд өмнө нь мэдэгдэж байсан шиг ээ “Намынхаа дотор эхлээд учраа ол” гэсэн үгийг хэлээд буцаах болов уу. Тиймээс одоо АН нэгдэхэд ганцхан арга зам үлдсэн нь хэн нэг нь буулт хийх. Шинээр сонгогдсон аль нэг дарга нь нөгөөхдөө буулт хийж, гар барьж байж л тус намын эвлэрэл бий болно. Харин буулт хийх хүн нь Д.Ганбат уу, эсвэл Лу.Гантөмөр үү гэдэг л байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49