Онцлох мэдээ / Улс төр

Нүүрсчдээс үлдсэн "цагаан захтан"- Жанцангийн Батбаясгалан

Хуваалцах:

Улаанбаатарчууд утаанаасаа салах гэж 2019 оноос сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн, хэрэглэсэн. Үр дүн ч гарсан. Утаа 50 хувь буурсан. Гэвч түлш үйлдвэрлэх баруун үйлдвэрээ хот дотор барьсны улмаас энэ орчмын, өөрөөр хэлбэл8 СХД-т оршин суудаг иргэд пөөнийсөн хар утаа болтлоо тортогт даруулж, 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Яг л тэр тортгоороо тэд амьсгалж, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн үг.
Ийм л учраас түлшний үйлдвэрийг хотоос гаргах, түлшээ нэмэгдүүлэхээр Зүүн бүсийн үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэрийг МУ-ын ЗГ 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр 35-р тогтоолоороо гаргасан юм. 
Нэг. Засгийн газар Зүүн үйлдвэр барих шийдвэр гаргахаас 23 хоногийн өмнө Ж.Батбаясгалан үйлдвэрийн барилга, тавилга худалдан авахаар 128 тэрбум төгрөг зарлагаджээ
Сайжруулсан түлш үйлдвэрлэх Таван толгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн даргаар анхнаасаа Жанцангийн Батбаясгалан тасралтгүй ажилласан. Тэгэхээр түлштэй холбоотой бүхий л шийдвэрийг Ж.Батбаясгалан гаргаж байсан гэсэн үг.
Харин одоо Ж.Батбаясгалангийн гаргасан гайхмаар нэгэн тогтоол гарагсан нь ТТТ ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол. Зүүн бүсийн үйлдвэр барихыг ЗГ шийдэхээс 23 хоногийн өмнө гарсан тогтоол гэсэн үг. Энэ тогтоолоор Эрдэнэс таван толгой ХК-аас 128 тэрбум төгрөг гарган, түлшний түүхий эд болох мидлинг татан авч, нөөц бүрдүүлэхэд зарцуулахыг даалгасан байна. 
Гэтэл тогтоолын хавсралтаар, 128 тэрбум төгрөгөөс 58 тэрбумыг нь л мидлинг татан авахад зарцуулж, үлдсэн 70 тэрбум дээр нэмж, 30 орчим тэрбум төгрөг гаргуулан, Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламж, машин механизм, тавилга, компьютер зэргийг  худалдан авахаар болсон байна.
Хачирхалтай нь, ЗГ Зүүн үйлдвэр барих шийдвэр гаргаагүй байхад Ж.Батбаясгалан яаж шинэ үйлдвэрийн барилга, тавилга, эд зүйлсэд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бэ? ЗГ Зүүн үйлдвэр барих шийдвэр гаргахыг Ж.Батбаясгалан яаж мэдэж, мөнгө зарлагадсан бэ? Эсвэл Ж.Батбаясгалангийн зарлагадсан мөнгөнд зориулж, Засгийн газар Зүүн үйлдвэр барихаар шийдвэр гаргасан уу? гээд бүх зүйл таашгүйгээр өрнөжээ...
Уг нь ЗГ тогтоолоо гаргаж, түүний дараа ТЭЗҮ хийж, ТЭЗҮ-дээ үндэслэн ЭТТ компаниас мөнгө гаргах шат дамжлагатай. Өдгөө ЭТТ компанийн захирал Б.Ганхуяг нүүрсний хэргээр хоригдон шалгагдаж байгаа бол түүнээс дутуугүй эрх мэдэлтэй байж, ЭТТ-н мөнгийг баруун солгойгүй зарсан Ж.Батбаясгалан нийслэл хоттой холбоотой бүх шийдвэрийг гаргасан цагаан захтан хэвээр л байна.
Хоёр. ТЭЗҮ-гээ ч хийж амжилгүй, дахиад л 160 тэрбум төгрөг зарлагадсан нь
Зүүн бүсийн үйлдвэр барих ЗГ-ын тогтоол гарснаас 5 хоногийн дараа ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан дахиад л 160 тэрбум төгрөг ЭТТ ХК-иас гаргахаар тогтоол гаргажээ. 
Та бод л доо, жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн ТЭЗҮ 5 хоногт багтаж гарах уу, мэдээж амжихгүй. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-гүйгээр үйлдвэрийн эд зүйлс худалдан авч, мөнгө цацсаар л байж. Энээ бол эрх мэдэлтэн гарын үсгээрээ мөнгийг дураараа хөдөлгөж болдгийн бодит жишээ.
Гурав. Ж.Батбаясгалангийн шийдсэн дараагийн 50 тэрбум
Хамгийн олон дэмжигчдийг бий болгосон “Утааны эсрэг эцэг эхчүүд” нэгдлийн тэргүүн, утааны эсрэг дуу хоолой болж явсан Ц.Пүрэвхүү, Үндэсний телевизийн захирал асан Н.Дэмбэрэл, нүүрсний мөнгөөр Казакстанд өндөр зэрэглэлийн хаус хороолол сүндэрлүүлсэн Х.Нурлат нарын "сайн гарууд"-ын гарын үсэг бүхий ТТТ ХХК-ийн ТУЗ-ийн 16-р тортоолоор дахиад 50 тэрбум төгрөгийг Эрдэнэс тавантолгой компаниас гарган, дахиад л үйлдвэрийн гэрэл, сав баглаа боодол зэргийг авчээ. 
Үндсэндээ сайжруулсан түлшний Зүүн бүсийн үйлдвэрт зөвхөн бидний олж мэдсэнээр ТТТ ХХК-ийн ТУЗ-ийн 3 удаагийн тогтоолоор 300 гаруй тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр Зүүн үйлдвэр жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх ёстой байсан ч 25 хувьдаа ч хүрч ажиллаж чадахгүй байна. 2021 онд 126 мянга, 2022 онд 146 мянган тонн түлш үйлдвэрлэжээ.
Ийм л учраас орчны бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн баруун бүсийн үйлдвэрийг зогсоож чадахгүй, нийслэлчүүдийг гал алдуулахгүйн тулд тэр орчмын айлууд, иргэдийн эрүүүл мэнд, эрүүл тохитой орчинд амьдрах эрхийг зөрчсөөр л байна. Үүгээр ч зогсохгүй ТТТ ХХК ЭТТ компанид 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн өртэй үлджээ.
Дөрөв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүртэл хууран мэхэлж, хуурамч товчлуур даруулан үйлдвэрээ нээсэн нь
Энэ өдөр тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл тэргүүтэй сайд дарга нар Зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байгааг зарлан, нээлт хийсэн. БНСУ-ын дэвшилтэт технологиор, бүрэн автомат, жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэх энэ үйлдвэрийн нээлт анхнаасаа л хууран мэхлэлт байжээ.
Ингэхдээ Ерөнхий сайдыг хүртэл мэхлэж, ажилладаггүй товчлуур даруулан, ард нь станцтай ажилтнууд бүрэн автомат гэх үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бүр дээр ажиллуулах тохиргоо дараад зогсож байсан гэдгийг тухайн үеийн ажилтнууд ярьж байна.
Бүрэн автомат гэх энэ үйлдвэр хүчин чадлынхаа 25 хувьд ч хүрч ажиллаж чадаагүй баримтуудыг одоо жишээ болгон хүргэе. Энэ бол мэргэжлийн инженерүүд Зүүн үйлдвэрт хяналт шалгалт хийсэн тайлан юм /дэлгэцээр үзүүлэх/
  1.  1, 2, 3-р цехэд байрлах БНСУ-ын 30 тн/цаг хүчин чадалтай Шигшүүр
Шигшүүрийн байрлал, өнцөг алдаатай, хүчин чадалдаа хүрч ажилладаггүй, түүхий эдийг ялгах чадваргүй, шигшин ялгах үндсэн үүргээр огт ажиллаж чаддаггүй, зөвхөн дамжуулж өнгөрөөх үүрэгтэй байгаа нь бутлуурын ачаалал нэмэгдэж, элэгдэх шалтгаан болж байна.
  1. Бутлуур- БНСУ-д үйлдвэрлэгдсэн байх ёстой ч Хятадынх. Шигшүүр ажилладаггүйгээс бутлуур өндөр ачаалал авч, эвдэрч, засварт орж, зардал өндөр гарч байна. Шигшүүрийн ялгаж чадаагүй буюу бүх бүтээгдэхүүн бутлуурт ирж, өндөр ачаалал үүсгэснээр шаардлага хангахгүй ширхэглэл бүхий бүтээгдэхүүн гаргаж байна.
  2.   Хэвлэх төхөөрөмж- Мөн л Солонгос төхөөрөмж байх ёстой атал Хятадынх. Тиймээс Солонгост үйлдвэрлэгдсэн бусад тоног төхөөрөмжтэй хослон ажиллахад зохицдоггүй. Хэвлэгчид гидро шахагч байхгүйгээс хатуу зүйл орсон тохиолдолд 2 бул нь эвдэрчихдэг.
  3. Элеватор- Үйлдвэрээс гарсан чийглэг бүтээгдэхүүнийг задгай талбайд нуруулдан тарааж асгах үүрэгтэй энэ төхөөрөмжийг ачааллаа даахгүй байгаа. Учир нь хэвлэгчээс гарах бүтээгдэхүүний чанар сайн тохиолдолд л энэ төхөөрөмж хэвийн ажиллах боломжтой.
  4. Савлагааны машин- Бүтээгдэхүүнийг 25 кг-аар савлан гаргах үйлдвэрийн эцсийн дамжлага болсон энэ төхөөрөмж бас л ажиллахгүй байна. Учир нь савлагааны хэсэгт байрлуулсан бүрэн автомат машинууд ашиглалтын цэвэр, дулаан нөхцөл шаарддаг тул ажиллаж чаддаггүй. Тиймээс хагас автомат машинууд, хүний механик хөдөлмөртэй хавсран гол ачааллыг үүрч байна.
Дахиад онцолъё. Зүүн үйлдвэр Солонгос технологиор, бүрэн автомат үйлдвэр болох ёстой байсан. Тийм ч байдлаар Засгийн газар бүх хөрөнгийг шийдсэн. Гэтэл Хятад, Солонгос төхөөрөмжүүд хольж байрлуулснаас хоорондоо зохицохгүй, зарим төхөөрөмжүүд ажиллахгүйн улмаас хүний хөдөлмөрөөр үйлдвэрлэлийг шийдэж байна. Үүний цаана ашиглагддаггүй, асар өндөр үнэтэй төхөөрөмжүүд мидлингийн тортогт дарагдан, хог болон хэвтэж байна.
Тав. 5.8 тэрбумаар захиалсан хатаагч  нь ирээгүйгээс чийглэг түлш иргэдэд нийлүүлж, хүмүүс угаартаж амиа алдсан байж болзошгүй
Эрхэм үзэгч, уншигч та санаж байгаа бол сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн эхний 2 жил утаа илт багассан. Гадна, дотнын эрдэмтэн судлаачид судалгаа хийж, утаа 50 хувь буурсныг тогтоон, мэдээлж байлаа.  Иргэд ч алга ташсан. 
Гэвч 2021, 2022 онуудад утаа дахин өтгөрч, Улаанбаатар дахин хүхэртийн хөндий болж, эмнэлэг хүүхдүүдээр дүүрч, угаарын хорлогоор нас барсан хүний тоо нэмэгдсэн.
Тэгвэл энэ онуудад зүүн бүсийн үйлдвэрээс гарсан түлш чийглэг байсан байж болзошгүй. Учир нь тухайн үйлдвэрт ажиллаж байх ёстой 7 хатаагч ирээгүй, ажиллаагүй юм байна.
ТТТ ХХК-иас 2021 оны 3-р сард 6 230 000 000 төгрөгөөр түлшний хатаагч авахаар зарласан тендерт 3 компани оролцсоноос Си Эм Пи Ай ХХК 5 580 000 000 төгрөгийн үнийн саналаар ялалт байгуулсан. Тендерийн шаардлага ёсоор хатаагч төхөөрөмжийг 3 сарын хугацаанд нийлүүлэх ёстой байсан ч 2 жил дамнуулан сунжирсан. Эцэст нь Хятад улсаас үйлдвэрийн шаардлагад нийцээгүй төхөөрөмж увуулж цувуулан авчирсан ба одоо 3 хатаагч ажиллаж байна. Шаардлага ёсоор цагт 30 тонн түлш хатаах чадалтай төхөөрөмж байх ёстой ч хатаах үеийн тоо дутуу, овор хэмжээ жижиг шаардлага хангахгүй уг хатаагчууд нь одоо бодит байдал дээр 10 тонн/ цаг хүчин чадалтайгаар аргацааж байна. 
Шалгалтын энэ дүгнэлтийг 2022 оны 4-р сард гарсан Ц.Ганболд даргатай, мэргэжлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гаргажээ.
Гэрээнд заасан хугацааг 2 жилээр хоцроож, тендерийн шаардлага хангахгүй Хятадын хатаагч төхөөрөмж гэгчийг нийлүүлээд 5 588 000 000 төгрөг авсан Си Эм Пи Ай ХХК-ийн талаарх мэдээллийг судалбал, Дархан хотод Бетон шон үйлдвэрлэдэг компани байх юм. Уг компанийн Гүйцэтгэх захиралаар Даваасүрэнгийн Алтангэрэл ажилладаг/ Си Эм Пи Ай ХХК-ийн Гүйцэтгэх захирал/ боловч компанийн эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Хао Ёнгжин байна. Мөн Канг Жайд гэх хятад иргэн, МУ-ын иргэн Дөнгөөгийн Мөнхтогтох, Дөнгөөгийн Мөнхнасан нар компанийн хувьцааг эзэмшдэг.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэд ТТТ ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, ТУЗ-ийн гишүүн Ч.Дэчингалсан нартай ойрын хамааралтай гэх мэдээлэл байгаа юм. Эрчим хүчний салбарт бетон шон нийлүүлэх өндөр дүнтэй олон тендер авсан энэ компани МУ-ын хуулийг төдийлөн биелүүлдэггүй бас нэгэн баримт байгаа нь 2021 онд татвар төлөөгүйн улмаас дансаа хүртэл хаалгаж байсан түүхтэй юм байна. 
Зургаа. Хүчин чадлынхаа ¼-т ч хүрэхгүй үйлдвэрт албан тушаалынхаа үзэгний үзүүрээр их хэмжээний мөнгө зарлагадсан цагаан захтан Ж.Батбаясгаланд хариуцлага тооц!
Хөтлөлт Анхаа- Студи- Эмнэлгийн ор хүртэхгүй, шал олдохгүй болтол хүүхдүүд ханиадаар өвчилж, хүндэрч, эндэж, эцэг эхчүүд тэдэндээ анхаарах завгүй болтлоо ажиллаж олсон цалигаа тор дүүрэн эмэнд үрж байна. Тунарсан хар хөндий болтлоо Улаанбаатар утаанд живж байна. Аль эрт шийдэж болох, утаанаасаа салж болох цаг хугацаа бүтэн жил жилээр сунжирч байна. Түлшний Зүүн үйлдвэр цагаан захтнуудын мөнгө олох хэрэгсэл болж, оромдсон төдий үлдсэнийг одоогийн удирдлагууд нь гал алдуулахгүйн тулд чирч байна.
Энэ бүх байж боломгүй нөхцөл үүсгэсэн нь яахын аргагүй ТТТ ХХК-ийн ТУЗ-ийн тогтоолуудтай шууд холбоотой. Алив хариуцлага бүрийн ард ганцаараа сэм үлдэгч, цагаан захтан, одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг шалгаж, хариуцлага тооцохыг бид дээрх баримтуудаараа шаардаж байна.
Ж.Батбаясгалан ТТТ ХХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг сайн хашиж чадаагүйн улмаас түүнийг 2022 оны 12-р сард ажлаас нь  чөлөөлсөн. Ажлыг нь авах нь хариуцлага тооцож байгаа хэрэг огт биш. Түүний гаргасан тогтоол бүрийг шалгах, босгон оромдсон шаардалга хангаагүй үйлдвэрт нь шалгалт оруулах, хуулийн болоод улстөрийн хариуцлага хүлээлгэх шалтгаанууд бэлхэн байгаагаас жишээлэн үзүүллээ.
Хотын түгжрэл, утаа, хүрэлцээгүй эмнэлэг, сургуулийн төсөв гээд 1.5 сая улаанбаатарчуудын тулгамдсан асуудал бүрийг өдгөө Ж.Батбаясгалан НИТХ-ын тогтоолоороо шийдэж байна. Эрх баригч МАН нь улстөрийн, АТГ нь хуулийн, ард түмэн нь ёсзүйн хариуцлага нэхэх шалтгаан бүрийг асуудал шийдэгдтэл цувралаар танд хүргэнэ.

https://tsahiur.mn/n/s/13238
скачать dle 12.0