Байгалийн гамшигт үзэгдэл хэлж ирдэггүй. Тэгвэл бид өнөө цагт байгалийн гамшигт хүчин зүйлийг даван туулахад бэлэн үү гэдэг асуулт олон хүний толгойг өвтгөх нь дамжиггүй. Хүн төрөлхтөн байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөхийг Турк болон Сири улсад болсон газар хөдлөлт тод томруун харуулж буй юм. Үүний адил гамшиг манай улсад тохиохгүй гэх баталгаа үгүй. Байгалийн гамшиг биднийг тойрохгүй нь лавтай. Үнэн хэрэгтээ хүн амын нягтаршлаар тэргүүлэх нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлт болоход ихэнх барилгууд нурах эрсдэлтэйг албаныхан удаа дараа сануулж байна.
Нийслэлийн хот байгуулалтын нэгдсэн санд 18.625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд 2000 оноос хойш барьсан 1844 барилга байгаа. Эдгээрээс газар хөдлөлтийн бүс нутагт баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1,320 төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524 барилга байгаа аж. Үүний 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын судалгаа хийхэд 188 барилга нурах эрсдэлтэйд тооцоогджээ. 2022 онд улсын хэмжээнд 1032 орон сууц шинээр ашиглалтад орсон аж.
Түүнчлэн болзошгүй газар хөдлөлтийн улмаас хотын нийт барилга байгууламжийн 20-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсэж, 30000-60000 гаруй хүн өртөх магадлалтай гэсэн судалгаа гарчээ. Улаанбаатар хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилвал, Тоосгон барилга 61 хувь, Угсармал барилга 18 хувь, Төмөр бетон хийцийн барилга 16 хувь, Модон хийцийн барилга хоёр хувь, Метал хийцийн барилга хоёр хувийг тус тус эзэлж байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын олонх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй, 1970 оноос өмнө баригдсан барилга байгааг албаныхан онцолж байгаа юм.
Бид газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг бүрэн цутгамлаар төсөөлдөг. Гэтэл орчин цагт энэ нь Нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь барилгын чанар, стандарт норматив бүрэн утгаараа алдагдсан. Монгол оронд газар хөдлөлтийн аюул бодитой оршин байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа, хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотын ихэнх барилгууд нь хуучирсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдээгүй, шинээр баригдаж буй барилгууд нь зохих горимын дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд нэн ялангуяа нийслэлд хийх зайлшгүй шаардлага байгаа юм.
Нийслэл орчмын газар хөдлөлт 2018 онд 829, 2019 онд 1010, 2020 онд 1357, 2021 онд 1123, 2022 онд 978 удаагийн газар хөдлөлт болжээ. 2022 онд улсын хэмжээнд 80795 удаагийн газар хөдөлт болсон аж. Тухайлбал, 2022 онд хамгийн олон удаа газар хөдөлсөн бөгөөд сүүлийн жилүүдэд давтамж нь нэмэгдэж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид дурджээ. Сүүлийн арван жилийн дотор хүнд мэдрэгдэх газар хөдлөлтийн тоо зургаа дахин өссөн байна. Иймд бид нэн түрүүнд барилга байгууламжийн чанарыг сайжруулж олон нийтийн аюулгүй байдал, амь нас эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх цаг нь болсон.
2002 оноос өмнө барьсан, паспортжуулах шаардлагатай 1844 барилгаас 2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ. Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 203, хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга манай улсад байгаа аж. Нийслэл хүрээгээ тэлж, өнгө үзэмж нэмж, өндөр барилгууд сүндэрлэхийн хэрээр барилгын чанар, стандарт гэгч зүйл мөрдөгдөх учиртай. Гэтэл барилгын чанар стандарт бүрэн утгаараа алдагдаж байгааг барилгын инженерийн холбооны мэргэжилтнүүд тодотгожээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны иргэдийн эрүүл аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна гэсэн үг. Газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж буй энэ үед Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй юу гэх асуулт хариулт нэхсээр.
Ж.БАЯРАА: ЧАНАРГҮЙ, СТАНДАРТГҮЙ БАРИЛГА ҮНДЭСНИЙ АЮУДГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
Тэгвэл Монголын зам барилгын материалын химийн инженерүүдийн холбооны тэргүүн Ж.Баяраа барилгын салбарт тулгамдаж буй асуудал болоод барилгын чанар, стандартын асуудлаар ийн ярилаа. Есөн дүүрэг 21 аймагт дөрвөн давхраас дээш барьсан барилга иргэдэд аюул учруулж мэдэхээр байна. Манай холбоо эвдрэл, цууралт үүсээд байгаа 360 гаруй барилгын зургийг баримтжуулан олон нийтэд мэдээлж байсан. Үүний шалтгаан нь маш энгийн. 1990-ээд оноос хойш Монголын бүх барилгын компани Туул голоос олборлосон элс, хайргыг ашиглан барилга барьж байна.
Гэтэл голын тохойн ийм элс хайрга, стандартын шаардлага хангахгүй, барилгын даацыг дийлэхгүй. Хүнээр бол ясны сийрэгжилттэй барилга баригдаж байгаа гэсэн үг. Барилгын салбарын хөгжлийг тодорхойлоход хэцүү. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг шиг л байна. Бид судалгаа хийх явцдаа нийслэлд баригдсан хэд хэдэн орон сууцны оршин суугчидтай уулзсан. Энэ үеэр тэд шинээр аваад удаагүй байрны тааз нь хууларч унасан, хана болон таазандаа ан цав үүссэн олон зүйл ярьж байсан. Бид бодит байдалтай танилцаж баримтжуулж авсан. Нийслэлийн барилга байгууламжид ийм үзэгдэл нэгээр зогсохгүй. Ингээд үзвэл сүүлийн үед баригдаж байгаа барилгуудын 80 орчим хувь нь хэзээ мөдгүй нурж мэдэхээр эрсдэл нүүрлэсэн байгаа юм. Манайхаас өөр улс орон барилга байгууламжийнхаа стандартыг чанд мөрддөг.
Тухайлбал, Япон, Солонгос зэрэг улс 12 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй 500-600 жилийн насжилттай барилга барьдаг. Гэтэл манайд энэ стандарт, аюулгүй байдлын баталгаа мөрдөгдөхгүй байна. Хатуухан хэлэхэд, 30-40 жилийн насжилттай барилга ч барьж чадахгүй байна. Газар хөдлөлтийн үед байшин, барилга доод тал нь 40-60 минут тэсвэрлэх ёстой. Гэтэл энэ хугацаанд хүрэхгүй 5-10 минутын дотор нурах эрсдэлтэй. Чанаргүй, стандартгүй барилга үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээв. Ямартай ч нийслэлийн барилга байгууламжийн 70 орчим хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН