Онцлох мэдээ / Улс төр

Оюукын 5ш vs Олон нийтийн 5ш

Хуваалцах:

Засгийн газар “5Ш” гээч ажиллагаа явуулахаа зарлаж, залхтал сурталдаж байна. Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн телевизээр дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө өнөө 5Ш-ээ л баахан тойрч эргэлдсэн. Үнэндээ энэ 5Ш бол улс орны хөгжлийн үндсэн том бодлого бус хулгай луйврыг таслан зогсооход чиглэсэн Хууль зүйн яам, АТГ-ын өдөр тутам хийх ёстой нэгээхэн ажлын таван чиглэл байлаа.
Оюук сайд ам чөлөөгүй 5Ш-ээ ярьж, онц гойд шинэчлэл мэт харагдуулахыг хичээж байгаа ч олон нийт арай өөр 5Ш хүсэж буйгаа илэрхийлсээр байна.
Оюукын 5Ш буюу “Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах, Шилэн” ажиллагаа нь цоо шинэ зүйл огт бишээс гадна олон нийтийн хүсэн хүлээж буй 5Ш-ын ердөө нэг Ш-д багтана. Шинэ биш гэсний учир нь аливаа гэмт хэрэг, нийтийн эрх ашгийг эсрэг үйл ажиллагааны талаар хувь хүмүүс, байгууллага, улс төрийн хүчнүүд хангалттай шүгэл үлээдэг. Ер нь энэ бүхэнтэй тэмцэх чин хүсэл эрмэлзэл байвал заавал Шүгэл үлээгчийн хууль боловсруулах, батлах, мөрдөх гэж цаг хугацаа алдаад байх шаардлагагүй юм. Төрийн бүх шатанд бугшсан албан тушаалтныг шүүрдэж, цэвэрлэж байх нь ч бас үндсэн үүрэг. Зайлшгүй гэмт хэрэгт холбогдоод гадагш оргон зайлсан этгээдүүдийг олж ирэх огт боломжгүй биш. Интерполтой хамтарсан хамтраагүй хүссэн хүнээ хэд хэдэн улсын хил дамнуулаад “хулгайлаад” аваад ирдэг “туршлага” манайд бий. Хулгайн замаар гадагш урссан мөнгө, эд хөрөнгийг эгүүлэн авах санаачилга ч цоо шинэ зүйл биш. “Оффшорын мөнгийг оруулж ирье” гэж хэн нь хэчнээн жил ориллоо, хэн хэн хэрхэн саад учруулж, үгүйсгэж байлаа даа? Бүгд санаж байгаа учраас энд нуршаад яах вэ. “Шилэн” ажиллагааны хувьд аль 10-аад жилийн өмнө /2014 онд/ Шилэн дансны хуультай болоод мөрдөөд явж байгаа. Үр дүнг нь олон нийт ч хүртэж, овжин улс төрчид ч нэр нүүр олох хэрэгсэл болгож ашигласаар байгаа. Гэхдээ энэ удаад төрийн өмчит компаниудын засаглал, удирдлагын багийн сонгон шалгаруулалт, улс төрийн намын санхүүжилт зэргийг нээлттэй болгох санаачилга гаргаж буй нь сайн хэрэг.
Одоо олон нийтийн хүсэн хүлээж буй 5Ш-ийн талаар товч тайлбарлая.
Шинэчлэл. Бүх салбарт шинэчлэл үгүйлэгдэж байна. Системийн шинжтэй томоохон шинэчлэл, өөрчлөлт хийхгүй бол өмхөрч ялзраад дуусаж байгаа бүхнийг энд жагсаавал барагдахгүй. Том салбараар нь авч үзвэл, хотын шинэчлэл, хөдөөгийн шинэчлэл, үйлдвэржилтийн бодлогын шинэчлэл, эрх зүйн шинэчлэл, боловсролын шинэчлэл... гээд дорвитой өөрчлөлтийн сураг огт гарахгүй байна. Газрын тухай гэх мэт чухал хуулиудад оруулж буй өөрчлөлтүүдийг харвал косметик шинжтэй. Эдийн засаг, нийгэмд шинэ эргэлт бий болгох эрс шинэчлэлийн үнэр ер алга.
Шударга ёс. Хэдийгээр улс төрчид улигласаар энэ үгийн эрхэм чанар, үнэ цэнийг бууруулчихсан ч манай нийгэм шударга ёсоор маш их цангаж байна. Дээр доргүй давхар стандарт. Даргад нэг, жирийн иргэнд нэг өөр хууль үйлчилдэг ялгаварлал байсаар л байгаа. Хууль шүүхийн асуудлаас гадна нийгмийн өдөр тутмын амьдралд ч шударга бус үзэгдэл хавтгай. Төрийн өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ялгавартай хандаж, “тэднийд яриа өгөхгүй, эднийд өгч болно, түүнийг гарга, үүнийг оруул” гэх мэтээр ардчилсан улс гэхэд эргэлзмээр шударга бус хандлага хаа сайгүй бий.
Шийтгэл /хариуцлага/. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид баахан хулгай луйвар илрүүллээ гэж дэвэх боловч чухам хэнд ямар хариуцлага шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй замхраад алга болдог жишиг тогтлоо. Илэрхий гэмт хэргүүд дээр далайх нь уулын чинээ, буух нь туулайн чинээ байгаа учраас иргэд тун их бухимдаж байна шүү дээ. Тиймээс нийтийн эрх ашгийг хохироосон хэрэг тус бүр дээр яг ийм шийтгэл хүлээлгэж, тийм арга хэмжээ авлаа гэдгээ ёстой “шилэн” мэдээлж баймаарсан. Тэгэхгүй бол хэд нь шорондоо орж, хэд нь “шувуу” болоод гадагш зугтсаныг хэн ч мэдэхээ байлаа.
Шийдэл. Иргэд та бүхнээс тов тодорхой шийдэл хүлээдэг. Гэтэл Засгийн газар эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах оновчтой шийдэл олсон нь үгүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болуутаа улсын төсөвтэй дүйх хэмжээний буюу 10 их наядын хөтөлбөр гээчийг санаачилж хэрэгжүүлснээс бодит үр дүн гарсангүй. Гай болж ковидын үетэй давхацсан учраас гарын салаагаар хяналтгүй урсчихсан. Дэгсдүүлсэн хэрэг биш шүү. Тэр их зээлийн сургаар халаасандаа компанитай бүхэн 10, 20 саяар нь аваад банк бус руу хийж хүүлэх тухай л ярьж байсан. Гишүүд нь өөрсдөө ЖДҮ, Хөгжлийн банкаа тоноод яг ийм аргаар угаачихдаг болохоор “жижиг гарууд” ч адил сэтгэдэг юм билээ.  Ингээд үр дүнгүй 10 их наядаас хойш өөр юу хийсэн юм бэ? Яамдыг л хар! Хөдөө аж ахуйн сайд нь үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээх тухай биш үхэр ээмэгжүүлэхийг чухалчилдаг. Хотын түгжрэл хариуцсан сайд нь хүн амын төвлөрлийг задлах тухай биш хориглох, торгох захиргааны аргыг илүүд үздэг. Хөгжлийн асуудал хариуцсан сайд нь Хөгжлийн банкаа “хөнөөх үйлсэд” оройлон оролцдог. Хөрөнгө төсөв хуваарилахдаа хувийн үзэмжээр хөмхий зууж, хөлийг нь тушдаг. Ерөнхий сайд нь улс орныхоо гэрэлт ирээдүйг уул уурхай /ОТ-н далд уурхай/ л гэж хардаг...  
Ард түмэн чинь арай өөр, амьд шийдэл хүсээд байгааг ойлгож үзнэ байгаа. Адаглаад агаарын бохирдол утаа угаараас улсын нийслэлээ яаж салгах талаар ам ангайгаач.
Шуурхай. Төрийн ажил маш удаан байна. Юу юугүй бүрэн эрхийн хугацаа чинь дуусаж ээлжит сонгууль боллоо, Оюун-Эрдэнэ ээ. Хангалттай ярилаа. Одоо жаахан юм хий. Аймшигтай том бүлэглэлтэй, хулгайтай тэмцэж байна л гээд байгаа. Яагаад дийлэхгүй байгаа юм? Ерөнхий сайдын эрх мэдэл багадаад байгаа юм уу? Хэцүү байвал Ерөнхийлөгчөөсөө улс төрийн дэмжлэг ав л даа. Эсвэл “Ерөнхийлөгчийн бүлэглэл”-тэй тэмцэж байгаа учраас дийлэхгүй байгаа юм уу? Дайсан хаана байгаа юм? “Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн бүлэглэл” гэхээр танай нам биш юм уу? Танай нам сүүлийн найман жил үнэмлэхүй эрх барьж байгаа биз дээ? Та чинь гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадна энэ том намын дарга биз дээ? УИХ-д 10-хан гишүүнтэй, уг үндэс нь гудамжаар нэг тараад эвлэж цөхөж байгаа АН-ын бүлэглэл дийлдэхгүй байгаа юм уу? Ер нь ажлаа шуурхай хийхэд яг хэн саад болоод байгаа юм бэ? Ерөнхий сайд та “Надад ард түмний дэмжлэг хэрэгтэй, би ард түмнийхээ талд, ард түмэнтэйгээ хамт” гэж байнга хэлдэг. Бид ч хамт байж, дэмжмээр байна. Гагц хэнтэй яаж тэмцэх гээд байгааг чинь мэдэхгүй, ойлгохгүй байгаа учраас хэрхэн дэмжихээ ойлгохгүй байна. Тэгээд бас тэмцэж буй гэгдэх хэсэг бүлэг дотроо, бүр удирдах манлайлах түвшинд нь та өөрөө байж байгаа болохоор эргэлзээд байна. Найдваргүй хулгайчаар дүүрчихсэн юм бол наад намаа тараачхаж болохгүй юу? Намын нөхдөө шоронд явуулах гэхээр сэтэр байлаа ч сэтгэл төвдөхгүй байна уу? Энэ бүх эргэлзээг нэг тийш болгож, илүү тодорхой зарлаж, эрч хүчтэй, шуурхай ажиллахыг иргэд чинь хүлээсээр цөхөрлөө.
скачать dle 12.0