Эдийн засаг:
Ардчилсан нам (АН)-ын даргаар бүртгүүлэх гэсэн тус намын дотоод дахь олон бүлэг, фракцын ашиг сонирхол, нөлөө бүхий улстөрчдийн хүсэл шунал, элдэв захиалга, тохироо Улсын дээд шүүхийн босгыг давсан ч, аягалахаар зэхсэн албан тушаалын цайг нь богштол хүлээлгэсээр Лу.Гантөмөрийн ээлж ирэхэд арайхийн шийдвэр гарав. Энэ удаа УИХ-ын гишүүн асан, нэгэн цагт БСШУ-ны сайдын албыг хашиж явсан түүнийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас АН-ын даргаар батламжилсан юм.
Нэг бус хүний материал очиж, нэлээд хэл амтай, тамга тэмдгийн хэрүүл хэдэн оныг дамнан сунжирч, хэдэн хэсэгт хуваагдан тэмцэлдэж, сөрөг хүчний байр сууриа алдсаны эцэст гарсан шийдвэр энэ.
Туулай жилийн босгон дээр гарсан дээрх шийдвэр “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг юм болчихгүй бол, тийм байлаа ч АН-ынхан том эрх ашгаа нэгдүгээрт тавьж нэгдэж чадвал, нам байхын тулд элдэв амбицаа хойш тавьбал бас ч гэж болох л асуудал. Үүний төлөө тэрэг мэт ил, далд зүтгэсэн хүмүүс хэн байв гэдэг асуулт бий. Тэгвэл тэдэнд шинэ дарга Лу.Гантөмөр хариу барих нэхэлтэйгээр туулай жилтэй золгож байна.
Юуны өмнө АН-ын эвлэрлийн ажлын хэсэг гэгчийг байгуулан толгойлогчоор ажиллаж, Лу.Гантөмөрийг намын дарга болгохын төлөө маш их хичээл зүтгэл гаргасан хүн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байв. Энэ хэрээр тэрбээр Лу.Гантөмөрийн баруун гараар нэрлэгдэж байна. Тэгэхээр намын дарга нэгэн цагт бялуугаа хувааж гэмээ нь түүнд нэлээн томхон зүсэм оногдож таарна. Тэгвэл шинэхэн даргын зүрхэн талд нь зүг чиг болсон, зүүн гар нь хэн бэ. Энэ хүн бол өөрөө АН-ын дарга байж чадна хэмээн нэрлэгдэж, даргын сунгаанд нэр дэвшсэн хүчтэй өрсөлдөгчийн нэг, тарж бутарсан намаа эвлэрүүлэх элчээр тодроод байсан, Улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын депутатаас УИХ-ын гишүүнээр олонтаа сонгогдон ажиллаж, Сангийн сайдын тамгыг атгаж явсан, тус намын лидерүүдийн нэг гэгддэг С.Баярцогт. Ерөнхийдөө Лу.Гантөмөрийг татаж гаргах тэрэгний түрүүнд явж хүчээ өргөсөн нь энэ хоёр юм.
Түүнчлэн улс төрийн хөшигний ард хөлсөө дуслуулсан О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ дахь АН-ын 10 гаруй гишүүн бий. Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн хувьд намынхаа талцаж хагаралдсан 2-3 талын аль алинд нь тал алдалгүй дунд нь гүйж яваа “эвийн цавуу, энхийн тагтаа”. Үнэндээ түүний хувьд өөрийг нь улс төрд хөлд оруулсан багш С.Эрдэнэ “вантан”-г гэх үү, дэмжиж тусалж явсан “Женко” Х.Баттулгыг гэх үү, цаашид намын хувь заяаны жолоог атгаад буй, ирээдүйтэй хэмээн ихэд итгэл татсан Лу.Гантөмөрийг гэх үү. Энэ мэтчилэн түүнд хэцүү сонголт учирсан нь мэдээж. Тиймээс гурван талд нүүр өгч шогшихоос өөрцгүй. Тэглээ гээд өнөөдөр АН-ын эмэгтэйчүүдийг ганц С.Одонтуяа өнгөлж байгаа болохоор ёстой нөгөө байхаас яах вэ гэдэг шиг л байхаас өөр яалтай.
Лу.Гантөмөрийн хувьд хүмүүс түүнийг намын дарга байхад зөөлдөнө, удирдагч байхад жулдана. Өөрийн гэсэн харизм байхгүй гэлцсэн. Гэвч тэр нэгэнт намын дарга болсон тул одоо тэр талаар ярих нь илүүц. Мань хүн намын дарга байж чадна гэдгийгээ УДШ-ээс батламжаа авангуутаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ “Ардчилсан нам авлигатай тэмцэх тэмцэх тэмцлийг дэмжиж ажиллана” хэмээн тунхагласнаар олон нийтэд ч, намынхандаа ч тодхон хийгээд хатуухан зарлав.
Эрх баригч намынхан бол өөрийн намынхан, журмын нөхдөө асуудалтай бол шалгуул гэж хатуу тулгаж байгаа. Тэгвэл АН-д ч бас асуудалтай гишүүд бий. Лу.Гантөмөр ч гэсэн намаа цэвэрлэж авахыг эрмэлзэж байна гэсэн үг. Тэгэхээр АН-ын гишүүд авлига, нүүрсний хулгайн асуудлаар намаасаа хамгаалалт хүсэх боломжгүй болж байна. Мөн түүнийг “Женко”-гийн хүн, тэндээс, эндээс захиалгатай хэмээн цоллосон. Ард нь хэн байлаа ч тэрбээр сайн баг бүрдүүлж гэмээ нь салхи шиг эрчээ авахыг хэн байг гэх вэ. Нэгэнт даргын суудалд тухалсных түүний хамгийн ойрын давах даваа нь 2024 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орох.
Хэнийг нэр дэвшүүлэх, эсэхийг шийднэ. Нам нь ялж гэмээ нь Ерөнхий сайдын суудал түүнийх. Энэ тохиолдолд л жинхэнээсээ “бялуу хуваах” эрх мэдэл түүнд ирнэ. Ж.Батсуурийгаа Шадар сайд болгох уу, С.Баярцогтдоо Сангийн сайдын тамгыг атгуулах уу гэдэг түүний мэдэх хэрэг. Цаашилбал, 2026 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх эрх түүнд бий. Ялж гэмээ нь дахиад л бялуу хуваах эрх үүснэ. Намын даргын суудлыг өөрийн хүндээ шилжүүлнэ, Ерөнхий сайдаар хэнийгээ тавихыг шийднэ. Илүү том, илүү зузаан, олон талт бялуу хуваах учир олон хүн түүний гарыг дагаж, налж унах нь мэдээж.
Анхаарал татаж буй бас нэг зүйл бол сая Цагаан сарын баяраар Лу.Гантөмөр сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн нь улс төрийн сонгуулийн нээлт шиг санагдсаныг сошиал орчинд хүмүүс жиргэж байна. Тэрбээр эхний мэдэгдлээрээ “АН 400 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэв. АН сөрөг хүчний байр сууриа алдаж, 2-3 тасарсан, тамга, тэмдэгний хэрүүл, сандал ширээний дажин хийж олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн атал шинэ дарга ийнхүү зарласан нь сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байх шиг. АН-ын түүхэнд Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төрийн албан хаагчдад зориулсан 4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн зарлаад ялалт байгуулж байсан удаатай. Тэгэхээр Лу.Гантөмөрт амбиц бас байна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49