Онцлох мэдээ / Улс төр

Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан

Хуваалцах:

УИХ-ын 2023 оны хаврын чуулган эхэллээ. Эхэлсэн даруйд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Н.Учралын гэх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав. Чуулган эхлэхтэй зэрэгцэн Монголын улс төрийн амьдрал сэргэж, өдөр бүр сенсаацтай өнгөрөх бололтой. Төрийн түшээдийн хэн, хаана, юу гэж хэлэв, хэн ямар хэрэг хийв гэдгийг нь бүгд л сонирхоно. Гэвч өдөр бүр сенсаацтай манай нийгэмд өнөөдрийн сенсаацыг маргаашийн сенсаацаар солих нь олонтаа. Зарим нь мартаах гэж шинэ сенсаац тараадаг гэх, магадлалтай. Иймд өнгөрсөн намрын чуулганы дуулиануудыг нэхэн сануулж байна.

УИХ-ын 11 гишүүн яллагдагчаар татагджээ

УИХ-ын 76 гишүүнээс 11 нь нүүрсний болон Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байна. Нүүрсний хэрэгт долоон гишүүн, Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн гишүүн яллагдагчаар татагдсан. Тэдний найм нь МАН-ынх, гурав нь АН-ынх. УИХ-ын гишүүн байх гэдэг олон түмний итгэлийг хүлээсэн хариуцлагатай ажил. Гэхдээ нөгөө талаар бүрэн эрх нэрийдлээр гэмт хэргээс бултах, зугтах, орогнох газар болж байгааг бүгд харж байна. УИХ бол хууль баталж, нийт ард түмний эрх ашгийн төлөө ажилладаг газар болохоос хулгайчдын үүрлэдэг газар биш. Үүний сануулахын сацуу гишүүдийнхээ хэн нь хэн бэ гэдгийг эргэн санацгаая.
Чингэлтэй дүүргээс сонгогдсон Т.Аюурсайхан
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Нүүрсний гэх хэрэгт зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгуулж байна. Өөрөө УИХ болон сайдынхаа суудлаас түдгэлзэж, шалгуулъя, шанага ч нүүрс аваагүй гэж мэдэгдсэн. Үүний дагуу түүнийг ХНХ-ын сайдын суудлаас огцруулна гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Одоо зөвхөн УИХ-д түүнийг огцруулж байгаа талаараа танилцуулах л үлдээд буй. Харин УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Учир нь, нэгд тэр өөрөө УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулъя гэдэг хүсэлт гаргасан. Хоёрт, АТГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлээд байна.
Өмнөговь аймгаас сонгогдсон Д.Бат-Эрдэнэ
Тэрээр нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Орон нутгийн Тавантолгой ХК-ийн 49 хувийг эзэмшдэг тэрээр нүүрсний хулгайд хардагдаад удаж байна. АТГ-аас түүнийг шалгахад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж прокурорт хүсэлтээ өгсөн юм. Харин өөрөөс нь хэргийн талаар тодруулахад, би буруугүй, хууль зөрчөөгүй л гэж хариулдаг. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг Д.Бат-Эрдэнэ санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэдэгдсэн билээ.
Өмнөговь аймгаас сонгогдсон Н.Наранбаатар
УИХ-д анх удаа гишүүн болсон шинэхэн улстөрч. Нүүрсний гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгуулж буй. Анх АТГ-аас түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа зарлахад өөрийгөө буруугүй хэмээж байсан юм. Түүнийг мөн л АТГ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж прокурорт хандсан юм.
Өмнөговь аймгаас УИХ-д хоёр л гишүүн суудаг бөгөөд хоёул яллагдагчаар татагдан, бүрэн эрх нь түдгэлзэж магадгүй болоод байна.
Архангай аймгаас сонгогдсон Ж.Мөнхбат
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нүүрсний гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр яллагдагчаар татсан. Хамгийн ноцтой нь тэрээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгөөгүй, нуун дарагдуулсан байж болзошгүй байна. Тэрээр өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг гаргасан. Гэвч өчигдөр Чуулганы нээлтэд оролцоогүй бөгөөд одоо БНСУ-д байгаа гэх мэдээлэл байна. Тэрээр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргахдаа ээжийнх нь бие муу, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгааг дурдсан билээ.
Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Ш.Раднаасэд гишүүнийг нүүрсний гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэрээр өөрийгөө нүүрсний хулгайд оролцоогүй, нэр цэвэр гэж тайлбарласан билээ. Одоогийн байдлаар тэрээр өөрөө ч бүрэн эрхээсээ түдгэлзъе гээгүй, түүнийг түдгэлзүүлье ч гээгүй.
Говь-Алтай аймгаас сонгогдсон Б.Энх-Амгалан
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэрээр Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий тээврийн компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. Тэрээр 2019-2020 онд ЗТХ-ийн сайдаар ажилласан юм.
Говь-Алтай аймгаас УИХ-д хоёр гишүүн суудаг бөгөөд хоёул яллагдагчаар татагдаад байна. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаагүй.
Баянхонгор аймгаас сонгогдсон А.Адъяасүрэн
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний гэх хэрэгт хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Тодруулбал, тэрээр нүүрс тээврийн бизнес эрхэлдэг бөгөөд С зөвшөөрөл авахын тулд хахууль өгсөн байж болзошгүй аж. Энэ талаар А.Адъяасүрэн гишүүн эрх баригчдыг өөрсдийн хулгайгаа нуухын тулд сөрөг хүчин рүү дайрлаа, би шалгуулаад цэвэр гараад ирнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаагүй.
Архангай аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Түүнийг Хөгжлийн банкны гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан НВЦ компанийн захиралтай Ё.Баатарбилэг холбогддог бөгөөд зүгээр л багын найзын харилцаатай хэмээн тайлбарласан. Уг хэрэгт шүүхийн процесс үргэлжилж буй.
Архангай аймгаас гурван гишүүн УИХ-д сонгогдсон бөгөөд хоёр нь яллагдагчаар татагджээ.
Баянгол дүүргээс сонгогдсон Х.Ганхуяг
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь Хөгжлийн банкны гэх хэрэгт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байна. Түүний эзэмшлийн Вертекс майнинг партнер ХХК нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авч, түүнийгээ бүрэн төлж барагдуулсан. Гэхдээ зээл олгох үйл явцад Х.Ганхуяг улс төрийн нөлөөгөө ашиглан нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тэрээр тус зээлийг авахдаа УИХ-ын гишүүн байгаагүй, зээлийг журмынх нь дагуу авсан гэх тайлбарыг хийсэн. Одоогоор шүүхийн процесс үргэлжилж байна.
Хан-Уул дүүргээс сонгогдсон Г.Амартүвшин
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Хөгжлийн банкны гэх хэрэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэр яллагдагчаар татан шалгаж байна. Түүний хувьд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа зарим компанид давуу байдал үүсгэн, зээл олголтод нөлөөлсөн байж болзошгүй юм. Тэрээр хэргийн талаар тухайн үед гүйцэтгэх захирал дан ганцаар зээл олгох эрхгүй, би зээл олголтод нөлөөлөөгүй хэмээн өөрийгөө хамгаалж буй. Шүүхийн процесс үргэлжилж байна.
Орхон аймгаас сонгогдсон Н.Алтанхуяг
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Туршлагатай улстөрч Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны гэх хэрэгт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байна. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа зарим компанид давуу эрх олгосон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Шүүхийн процесс үргэлжилж байна.

Дуулиант хэргүүдэд нэр холбогдсон тав

Нүүрсний болон Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, шалгагдаж яллагдагчаар татагдахаа шахсан МАН-ын таван гишүүн байна.
Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
УИХ-ын гишүүн, "унтаж байгаад сэрсэн баавгай" Ц.Анандбазарыг хүчингийн хэрэгтэй холбоотой уншигчид мэднэ. Гэвч уг хэрэг шалгагдсан уу, үгүй юү, юутай ч одоо бол замхарсан. Энэ хэргээс үргэлжлүүлэн тэрээр нүүрсний хэрэгт холбогдоод, шалгуулаад амжлаа. Учир нь, АТГ-аас түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа зарласан. Харин Ц.Анандбазар нүүрс хулгайлаагүй гэдгээ мэдэгдэхийн далимд нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээл төлүүлэх хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэн. Мөн буддын шашинтай хүн учир хүүхэнтэй орооцолддогүй, ариун хүн хэмээн өөрийгөө тодорхойлсон билээ. Түүнийг шалгаж байгааг АТГ мэдэгдсэн ч яллагдагчаар татаагүй юм.
Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Баттөмөр
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгааг АТГ зарласан. Харин тэрээр шалгуулж, буруугүй нь нотлогдсон гэх мэдээлэл байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ярихдаа "Манай намын гишүүдиийн зарим нь шалгуулаад гэм буруугүй гэдэг бичгээ авч эхэлсэн. Б.Баттөмөр гишүүн надад эрүүгийн хэрэгт таныг шалгасан ч ямар нэгэн гэм буруугүй болох нь тогтоогдсон гэсэн бичгээ үзүүлсэн" гэж ярьсан аж.
Дорнод аймгаас сонгогдсон Ц.Сэргэлэн
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
УИХ-д анх удаа сонгогдсон Ц.Сэргэлэн өнгөрсөн чуулганаар нүүрсний гэх хэрэгт холбогдоод амжив. Түүнийг АТГ нүүрсний хэрэгт холбогдуулан шалгасан ч яллагдагчаар татаагүй юм. Шалгалт хэрхэн үргэлжилж байгаа нь одоо хэр бүрхэг байна. Тэрээр мөн өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн юм.
Ховд аймгаас сонгогдсон Ш.Адьшаа
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Чуулганы нээлтийн өмнөх өдөр Ш.Адьшаа гишүүн Хөгжлийн банкны асуудалд холбогдлоо. Тодруулбал, Ш.Адьшаа гишүүн Хөгжлийн банкнаас зээл авсан ч төсөл нь хэрэгжээгүй байна. Тэрээр "Ховд хаан бирж" гэдэг компаниар дамжуулж иргэн байхдаа 2014 онд зээл авч, 2019 онд төлж дуусгасан байна. Арилжааны банкаар дамжуулж зээл авсан ч төр, хувийн хэвшлийн хүрээнд төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүйгээс төсөл хэрэгжээгүй" гэх тайлбарыг өгөв.
Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар
Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны түр хорооны дарга Б.Энхбаяр Ч.Хүрэлбаатар гишүүнийг АТГ-т шалгуулахаар болсон. Учир нь, Хөгжлийн банканд хийгдэж байсан шалгалтууд, түүний дүгнэлтийг албажуулах тогтоол гарсан аж. Гэвч Ч.Хүрэлбаатар нь сайдаар ажиллаж байхдаа 2020 онд хийсэн шалгалтын материалыг ирүүлээгүй, албажуулаагүй байсан байна. Энэ Б.Энхбаяр "Зөрчил дутагдлыг тухайн үеийн Сангийн сайд нь албажуулаагүй, нуун дарагдуулсан. Иймд Ч.Хүрэлбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, эс үйлдэл хийсэн хэмээн АТГ-т шалгуулж, гэрчээр дуудна" гэж өнгөрөгч арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Түүнийг үнэхээр АТГ-т өгсөн үү, Ч.Хүрэлбаатар нь шалгуулсан уу гэдэг тодорхой бус байна.

Хулгайгаа дэлгэлцсэн хоёр

Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Хөвсгөл аймгаас сонгогдсон Ц.Даваасүрэн VS Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Жавхлан
Төрийн ордонд бие биенийхээ хулгай луйврыг, нэгнийхээ үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн талаар ноцтой мэдэгдлийг ээлж дараалан хийж байхад хууль хяналтын байгууллага шалгасангүй, тэднийг дуудаж ч байцаасангүй.
Эхлээд Ц.Даваасүрэн Б.Жавхланг албан тушаал наймаалцдагийг нь хэлж орхив. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Чиний менежер зээлийн газрын дарга хийсэн, чиний танил хүүхэн зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал хийсэн. Батхүү захиралтай Б.Жавхлан сайдын авгай Чингис банкийг хамтран эзэмшдэг. Энэ хамтран эзэмшдэг компани руугаа Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг хийгээд одоо байхгүй болсон. Энийг хэн төлөх вэ. Зээлээр мэргэшсэн ийм хүн Сангийн сайд хийгээд өнөөдөр бүх зүйлээр луйвар хийж байна. Миний ярьж байгаа зүйл худлаа бол чи намайг Их хурлын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй” гэв. Мөн Бичил санхүүг дэмжих сангаас Б.Жавхлангийн дүү банк бус санхүүгийн байгууллагаараа гурван удаа 900 тэрбум төгрөгөөр зээл авсан гэж ярьсан. Хэрвээ Ц.Даваасүрэн гишүүний ярьсан үг бүр үнэн бол Б.Жавхлан сайд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад /хамаарал бүхий этгээддээ/ давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон эрүүгийн гэмт хэрэгт унана.
Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ч эрүүгийн гэмт хэрэгт татагдах үндэслэлийг Б.Жавхлан сайд мөн л тодорхой хэлсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Ц.Даваасүрэн гишүүн 2012-2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа улс төр судлаач, өөрийнх нь сонгуулийн менежер явсан Ц.Гансүх гэх залууг “Дарханы арьс шир цогцолбор” ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Арьс шир боловсруулах үйлдвэр барих төсөв нь нэлээд нэмэгдсэн. Монгол Улсад богийн сая ширхэг арьс боловсруулахад 3-4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. 10 сая арьс шир боловсруулах үйлдвэр 4.4 сая болж тоо нь буурсан. Хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хуучин ТЭЗҮ-гээр зөвхөн тоног төхөөрөмж нь 30 сая доллар, барилга байгууламж нь 60 сая доллар болох байсан. Харин одоо 156 сая евро болж нэмэгдсэн. Гишүүн маань 160 сая еврогоос 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гэх хүсэлтээ ирүүлсэн. Хуулийнхаа дагуу эрсдэлтэй тул боломжгүй. Бодит байдал дээр ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн томилгоо наймаалцаж, цаашлаад үйлдвэр барих төсвөө хэдэн дахин нэмэгдүүлж, Засгаас баталгаа гаргахгүй болохоор шантаажилж байна гэх утгыг илэрхийлсэн.
Ийм ноцтой хэрэг нэг өдөр л шуураад өнгөрсөн, тэднийг хэн ч шалгасангүй.

"Улны" Сарангэрэл

Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Хан-Уул дүүргээс сонгогдсон Д.Сарангэрэл
Соёлын гавьяат зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хэлсэн "улны" гэх үг иргэдийн дургүйцлийг багагүй төрүүлсэн. Түүний хэлсэн энэ үг сайдынх нь суудлыг аван одсон юм. Тэрээр энэ талаар тайлбар өгөхдөө би улны гэдэг үгийг гаргаж ирсэн юм биш, яамныхан үүнийг хэрэглэдэг юм байна гэдгийг харин ч ил болгосон гэсэн юм. Өөрөөр хэлбэл, би биш яам л та нарыг доромжилж байсан шүү гэсэн. Түүнийг ХНХ-ын сайдаас огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Хэсэг өмгөөлөгчид сайд, гишүүд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Засгийн газар бус Цэц шийддэг гэж тайлбарлан, цэцэд мэдээлэл гаргасан. Харин Цэц мэдээллийг авч хэлэлцээгүй. Д.Сарангэрэл ийнхүү сайдын суудлаа алдсан ч УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хийж байна.

Учралын "учиртай" хууль

Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Н.Учрал
УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албан тушаалыг давхар хашдаг билээ. Тэрээр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өргөн барьж, нүд ирмэхийн зуур л батлуулсан. Хуулийн төслийг Засгийн газрын гишүүний хувьд өргөн барьж УИХ-ын гишүүний хувьд өөрөө дэмжих кноп дарж батлалцсан ид шидтэй. Уг хуулийг олон нийт эсэргүүцэж, нэгдэж Ерөнхийлөгчид хандсанаар хориг тавиулсан. Чуулган эхлэнгүүт Хууль зүйн байнгын хороогоор хоригийг хэлэлцэж дэмжээд байна.

АН-ын ганц дайчин

Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат
АН-ын хагарлын асуудал даргаа сонгож, түүнийг нь Улсын дээд шүүх бүртгэснээр эвлэрлээ. Эвлэрэлд УИХ дахь АН-ын бүлэг чухал үүрэгтэй ажилласныг дурдах нь зүйтэй. УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд Л.Гантөмөрийн тал руу толгой зүглэж, тэнд нэгдэж байхад, Д.Ганбат эсрэг тийш С.Эрдэнэ рүү очсон, бас ч болоогүй тэдний талд даргаар сонгогдсон. Гэвч УДШ түүнийг бус Л.Гантөмөрийг даргаар бүртгэсэн билээ. Тэр ингээд бүлэгтээ ганц дайчин боллоо.

"Найтаадаг" гишүүн

Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Баянзүрх дүүргээс сонгогдсон Э.Бат-Амгалан
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд согтуу орж ирсэн "зоригтой" эр. Түүний согтуу орж ирснийг хэвлэлийнхэн баталгаажуулж, баримтжуулсан байдаг. Согтуу орж ирээд зогсохгүй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ална хэмээн заналхийлсэн. Түүнийг согтуу байсныг хуралдаанд сууж байсан сэтгүүлчид нотолсон ч УИХ-ын гишүүд түүнийг эрүүл байсан хэмээн өмөөрсөн юм. Мөн Э.Бат-Амгалан тайлбар өгөхдөө огт архи уудаггүй, найтаах гэж байхад зураг дарсан гэсэн. Одоо зарим нэг хүн орой үдэш гарч, ганц хоёр пиво уухыгаа "найтаах уу" хэмээн хошигнодог болсон билээ.

Гал тогооны хоёр "хэрэг"

Хэн нь хэн бэ: УИХ-ын гишүүдийн нэр холбогдсон 24 дуулиан
Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ч.Ундрам
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр нийгмийн сүлжээнд томоохон дуулиан тариад амжсан билээ. Тодруулбал, өөрийн эхнэр Ч.Ундрамыг гэрийнхээ гал тогоонд араар тавьж байсныг дэлгэсэн. Мөн шуугиан үүссэний дараа гал тогооны өрөөндөө охиноо зодож байгаа бичлэгийг ил болгосон билээ. Хүүхдүүдийн эцгийн хувьд түүний нөхөр хүүхдүүдийнхээ ирээдүйд нөлөөлөхүйц үйлдэл гаргасан нь нэг талдаа буруу. Нөгөө талдаа УИХ-ын гишүүний жинхэнэ төрхийг харуулсан тал ч бий.
Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн 24 гишүүний, 24 хэргийг бид эргэн санууллаа. Улстөрчдийн талаарх иймэрхүү мэдээлэл ил гардаг нь сайшаалтай ч цаанаа хэн нэгний эрх ашгийг хангаж байдаг сул талтай. Тиймд яллагдагчаар татагдсан гишүүдийг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно гэдгийг сануулах нь зүйтэй юм.

https://itoim.mn/a/2023/03/15/parliament/cop
скачать dle 12.0