Эдийн засаг:
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.15) Төрийн ордонд үргэлжилнэ.
Зөвлөлдөх уулзалтын оролцогчид эхний өдрөө “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал” сэдвээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсож, хэсгүүдийн болон нэгдсэн хэлэлцүүлэг хийсэн. (фото мэдээ)
Өнөөдрийн уулзалтаар “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах” сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нарын илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа чиглүүлэгчээр ажиллана. Үдээс хойш Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг чиглүүлэгчээр ажиллаж, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны сургалтын зохицуулагч, доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг, Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга нарын илтгэлийг сонсоно. Сэдэв бүрийн илтгэл танилцуулсны дараа 54 бүлэг тус бүрдээ зөвлөлдөн, нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, судлаач, мэргэжилтнүүдэд асуулт тавьж, хариулт, мэдээлэл авах юм.
Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, нийслэлээс нийт 801 хүн оролцож байна. Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 427 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь дээд боловсролтой, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.
Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн дээрх 801 оролцогчоос тус бүрд нь өмнө авсан 22 асуулгаар дахин санал асуулга авна. Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүн, Зөвлөлдөх уулзалтын дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалын дагуу нэгтгэн боловсруулж тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлнэ. Зөвлөл түүнийг үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан тогтоосон хугацаанд нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу Улсын Их Хуралд хүргүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ХААИС Хятадын ном уншлагын танхимтай
4-11-2024, 18:10
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн
4-11-2024, 11:26
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-д
4-11-2024, 10:32
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46