Мэдээ мэдээлэл

БНСУ-ын эмчилгээний визийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгоно

Хуваалцах:

БНСУ-д айлчлал хийж буй  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй албан ёсны хэлэлцээ хийлээ.  Талууд  хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагааг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.     
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Ерөнхий сайд Хан Дог Сү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНСУ-д хийж буй айлчлалд БНСУ-ын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд БНСУ-ын Энэтхэг, Номхон далайн стратегид Монгол Улсыг тэргүүлэгч харилцаатай орнуудын эгнээнд хамруулж, цаашид Монгол Улстай харилцан ашигтай, бие биеэ нөхсөн Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.   
Монголын тал Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, ложистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж буйг дурдаад энэхүү томоохон бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урив. Солонгосын тал дагуул хот байгуулах Монголын талын бодлогыг дэмжих зорилгоор БНСУ-ын “K-Сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн үр дүнд үндэслэн төслийн цар хүрээг нэмэгдүүлэхээ илэрхийлэв. 
Мөн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх саналыг тавьж, Солонгосын тал нааштай судалж, хамтран ажиллахаар боллоо.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын иргэд, түүний дотор БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлж, манай улсад зорчих таатай боломж бүрдүүлснийг дурдаад энэ удаагийн айлчлалын хүрээнд “Монголд зочлох жил”-ийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг Сөүл хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Айлчлалын хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулахад чиглэсэн соёлын контент үйлдвэрлэх талаар БНСУ-ын аялал жуулчлалын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар тогтлоо.
 Мөн  талууд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”, “Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Mонгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, Эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”, “Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр“, Монгол Улсын Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийг тус тус байгууллаа.  
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0