Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Ж.СҮХБААТАР: Засгийн газраас автозамын бүтээн байгуулалтад шаардлагатай 180 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг судлахыг Сангийн сайдад даалгасан

Хуваалцах:

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
 
       Энэ үеэр хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар "Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд авто замын бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудлыг ярилаа. Өнгөрсөн жил 420 тэрбум төгрөг төсөвлөж, тус мөнгөөр нэлээд олон зам гүүр, байгууламж, холбоос замыг эхлүүлж хийсэн. Энэ асуудал энэ жил төсөвт сууж чадаагүй байсан. Тэгэхээр шаардлагатай 180 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой байгааг судлахыг Сангийн сайдад даалгасан. Энэ санхүүжилтийг шийдсэнээр олон холбоос замууд бий болгоно. Ингэснээр шинээр зам барихаас илүүтэй түгжрэлийг бууруулах боломжтой замуудын ачааллыг хуваалцана. Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж зам, 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөж, дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 454 нэгж талбарын газрыг чөлөөлжээ. Он дамжин хэрэгжиж буй үлдсэн долоон байршилд барих 963,7 у/м гүүрийн барилгын ажлыг барьж дуусгах, эдгээр ажилд 187 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. 
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Улаанбаатар хотын тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нэгжийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын бүтцэд оруулж байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан байна. “Сэлбэ сэргэлт төсөл”-ийг хэрэгжүүлснээр Сэлбэ гол дагуух тусгай замын нийтийн тээврийн трасс буюу Сонсголонгийн замаас Дамбадаржаа цэцэрлэгт хүрээлэн хүртэл голын сав газрын далан, түшиц ханыг барьж байгуулан урсацыг нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эргэлтийг сайжруулж гол зам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах, гол дээрх гүүрэн байгууламжууд нь нэг стандартын дагуу баригдах зэрэг олон давуу талтай. Тус төсөл нь судалгааны шатандаа байгаа бөгөөд урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, нийтийн тээврийн 64 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийг чиглэлийг үүсгэнэ. Үүний үр дүнд авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар, гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцана гэж үзэж байгаа аж" гэв. 
скачать dle 12.0